Г.Занданшатар: Нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-05 14:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний асуудлаар олон нийтийн нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргажээ.


Тодруулбал, нээлттэй сонсголыг явуулахдаа Хилийн боомтын асуудлаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны дүгнэлтэд үндэслэн олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, судлаачдын төлөөллийг багтаан, яаралтай зохион байгуулах чиглэлийг өгчээ. УИХ-ын дарга онцлохдоо “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлуудыг ил тод болгоно” гэв.


Олон нийтээс дэвшүүлсэн нийгэмд анхаарал татсан асуудлуудаар нээлттэй сонсгол явуулж, улмаар гэрч дуудах эрх бүхий тусгай хяналтын дэд хороог байгуулан, баримтуудыг ил болгож, хяналт тавих эрх УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар баталгаажсан юм. Уг хуулийн хүрээнд анхлан Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж байв. Нэгдмэл зорилгын дор УИХ, Засгийн газар нийт иргэдийн мэдэх эрхийг хангаж, нүүрсний асуудлаар нээлттэй сонсгол явуулснаар авлигачдад хариуцлага тооцож, нийтийн оролцоотойгоор шударга ёс, шинэ жишиг тогтоох чухал алхам болох юм. 

Холбоотой мэдээ