Иргэдийн жагсаал цуглаан хяналтад байна гэж үзэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засагт тодорхой шаардлагуудыг тавьж буй иргэдийн жагсаал цуглаан хяналтад байна хэмээн УИХ-аас үзлээ.
Тодруулбал, нүүрсний асуудлаар Засгийн газрыг шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардсан иргэд 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод жагсаал цуглаан зохион байгууллаа.
Улмаар уг жагсаал цуглаан 5-ны өдрийн үдээс хойш нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжих хандлага ажиглагдсан юм. Учир нь жагсаал цуглааны зорилго тодорхойгүй, удирдлага зохион байгуулалтгүй болж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олшрон тайван жагсаал цуглаан хийж байсан иргэдийг үймээн самуунд уриалж, хүч хэрэглэхийг өдөөн хатгасан нөхцөл байдал үүссэн юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч жагсаалыг холбогдох хуулийн хүрээнд албадан тараах шийдвэр гаргалаа.
Мөн 5-ны өдрийн орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар болж, үүссэн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсон, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас одоогоор нийтийг хамарсан онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн аж.
Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ-аас дэмжив.