ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-19 13:59:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг санал нэгтэй тэмдэглээд, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Энэ үеэр Орос, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ноён А.В.Гордеев тодотгосон юм.



Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр улсын худалдааны нийт эргэлт жилийн дүнгээр 2.7 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч гадаад худалдаа бүтцийн хувьд Монгол Улсад өндөр алдагдалтай хэвээр байгааг тэмдэглэв. Иймд цаашид Монголын талаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүн, тэр дундаа ХАА-н гаралтай, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум анхаарал хандуулж, бодит дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Ноён А.В.Гордеев Монгол Улсад хэрэгжих дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний томоохон болон дагалдах төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд хоёр улсын хамтын ажиллагаа, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ