Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын бизнесийнхэн эдийн засгийн коридор, цахим худалдааг хөгжүүлэх талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-08 20:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын 16 дугаар нэгдсэн чуулган “Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад ХАҮТ-уудын хамтын ажиллагаа ба түншлэл” уриан дор “Корпорэйт конвеншн” төвд эхэллээ.


Чуулганы нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган, ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон бусад ХАҮТ-уудын удирдлагууд, гурван улсын бизнес эрхлэгчдийн 450 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Д.Ирмүүн хүргэв.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлэхдээ, “Эдийн засгийн коридор дахь чөлөөт бүсүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэхэд Танхимуудын үүрэг оролцоо чухал юм” гэдгийг онцлоод, Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын Эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдэд хамтран ажиллах боломж бизнес эрхлэгчдэд нэмэгдэнэ гэдгийг тэмдэглэн хэлэв. Тэрбээр, өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64 хувийг, ОХУ-тай хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж буйг дуулгав.


ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч С.Н.Катырин хэлэхдээ, “ОХУ болон Монгол Улсын худалдаа, эдийн засгийн харилцааны шинэ боломж нээгдэж, бид урт замын эхэнд байна. Эдийн засгийн "шинэ" нөхцөлд хамтын ажиллагааны илүү цогц хэлбэр, тухайлбал, хамтарсан үйлдвэр байгуулах, аж үйлдвэрлэлд шилжих, харилцан ашигтай хөрөнгө оруулалтад анхаарал хандуулах хэрэгтэй. Оросын компаниуд эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэх, барьж байгуулах тал дээр Монголын түншүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах боломжтой”-г илэрхийлсэн юм. Мөн "Монголын тээвэр, логистикийн дэд бүтцийн гол байгууламжуудыг өндөр түвшинд шинэчлэн хөгжүүлэх, Улаанбаатар хотод орчин үеийн тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах, орчин үеийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цахим худалдаа, дижитал зах зээлийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн технологийн шийдлийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах ирээдүй харагдаж байна” хэмээн онцоллоо.


ОХУ-ын ХАҮТ-ын тэргүүн болон БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга нар хэлсэн үгэндээ, гурван улсын тогтсон уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ боломжуудаар баяжуулан өргөтгөж, гурван улсын Эдийн засгийн коридорт оролцохоо илэрхийллээ. Үүний гол хүч нь ХАҮТ-уудын гишүүн бизнес эрхлэгч нар. Биднийг ойртуулж буй талбар нь юм гэдгийг онцолсон юм



БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган хэлэхдээ, “Манай хороо гурван улсын хамтын ажиллагааг чухалчлан үзэж байна. Бизнесийн хүрээнийхэн бол эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааны гол хүч, шууд ашиг хүртэгчид гэдгийг тодотгоод гурван улсын бизнес эрхлэгчид Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, уламжлалт худалдааны цар хүрээг өргөжүүлэх, худалдааны арга барилыг шинэчилж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх өргөн боломж нээлттэй байгааг тэмдэглэв.


Тэрбээр, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо энэ оныг “Инновацын дэвшлийн жил”-ээр зарлаад буйг дуулгаж, Бээжин болон Макаод болох инновацын олон улсын форумуудын талаар нэг дор, нэгэн цагт цуглараад буй гурван улсын бизнес эрхлэгч нарт танилцуулан, формуудад оролцохыг урьсан юм.


Энэхүү чуулга уулзалтад Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол оролцож Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүс болон Шинэ зуун мод хотын төлөвлөлтийг дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын хүрээнд Хөшигийн хөндийн 31 мянган га газарт  “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн  бүс бүхий 150.000 хүн суурьших хот байгуулах”-аар төлөвлөж байна.


Дээрх бодлого, бүтээн байгуулалтын  хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Хөшигийн хөндийн шинэ хот болон чөлөөт бүсийг байгуулах эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2021 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г,
  • Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2022 онд “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хороо”-г байгуулж, тус хороог Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн даргалж байна.

Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт өрнөх Хөшигийн хөндий нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Богдхан уулын баруун урд байрлалтай. Шинэ суурьшил нь дэлхийн тэргүүлэх зах зээл болох БНХАУ, ОХУ-тай төмөр зам болон олон улсын хурдны авто замаар шууд холбогдож,  мөн 23 улсын 100 хот руу шууд нислэгээр холбогдоно.


“Шинэ сэргэлтийн цэг-Шинэ Зуун мод”  хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улсаас хууль эрх зүй болон  Олон улсын хэлэлцээрийг үндэслэн татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бий болгоно.


Шинэ Зуунмод хотод бизнес эрхлэхэд Монгол  Улсын зах зээлээс гадна

  • 1700 км буюу 2 цагийн нислэгийн зайд 304 сая хүн ам,
  • 300 км буюу 4 цагийн нислэгийн зайд 1,7 тэрбум хүн ам,
  • 5000 км буюу 6 цагийн нислэгийн зайд 3,2 тэрбум хүн амын зээх зээлтэй.

Монгол Улсын Засгийн газраас эхний ээлжийн дэд бүтцийн ажлыг 63 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Энэ нь Засгийн газраас 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй гол бүтээн байгуулалт юм. АХБ-ны үзүүлж буй 100 сая ам.долларын санхүүжүүлэлтээр эхний ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн Япон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.


Дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан 500.0 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх орлогод ноогдох албан татварыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөнгөлөх боломжтой.


Шинэ хотын бүтээн байгуулалтын эхний үе шатад Эдийн засгийн чөлөөт бүсийг амралт аялал, жуулчлал, худалдаа үйлчилгээ, соёлын үзвэр үйлчилгээ,  эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын санхүүгийн төвтэй хослуулан цогцоор төлөвлөөд байна.


Энэхүү төлөвлөлтийн дагуу 

  • 23 мянган ажлын байр бий болно.  
  • Жилд 3 сая жуулчин хүлээн авна.
  • Чөлөөт бүсийн орлого нь 2040 оны байдлаар 10 их наяд орчим төгрөг байхаар урьдчилан тооцооллоо.

Эдийн засгийн чөлөөт бүсэд  хөрөнгө оруулалт хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад  экспортын татвар, импортын татвар, НӨАТ, үл хөдлөх  хөрөнгийн албан татвар, ажлын  байрны төлбөр зэргээс  чөлөөлөгдөнө. Мөн газрыг 60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж, худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн газрын төлбөрийг эхний таван жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.


Газар зүйн байршлын давуу талыг ашиглан Ачаа тээврийн нэгдсэн терминал, Тээвэр логистикийн бүстэй байхаар төлөвлөгдсөн нь Шинэ хотын онцгой ач холбогдол юм.


Тээвэр логистикийн бүс нь 400 га талбайд байрших бөгөөд Улаанбаатар хотын төмөр замын терминалуудыг нэгтгэн төвлөрүүлнэ. Хүчин чадлын хувьд 2040 онд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлдэг агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолбор байдлаар төлөвлөж хуурай боомт болгон хөгжүүлнэ.


Үйлдвэржилтийн бүсэд экспортын баримжаатай импортыг орлох хүнсний технологийн үйлдвэр, барилгын материалын болон холимог үйлдвэрүүдийг төлөвлөсөн. Тус бүсийн

  • 520 мянган мкв талбайд үйлдвэр агуулахын барилга,
  • 5000 орчим ажлын байрыг бий болгож,
  • жилд 4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Бөөний худалдааны бүсийг

  • 370 мянган м2 талбайд  
  • 34.000 ажлын байрыг бий болгож,
  • Жилд 1.5 сая хүнд үйлчилж,
  • 4.7 сая тонн бараа бүтээгдэхүүн борлуулж,
  • 5.9 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр  урьдчилсан тооцоолол гаргаад байна.

Энэхүү бүст бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын  болон татварын бус дэмжлэгийг үзүүлэх боломжтой.  


Тээвэр логистикийн бүс  нь ОХУ-ын хил хүртэл  350 км, БНХАУ-ын хил хүртэл 650 км-н зайнд төлөвлөгдсөн. Мөн 23 улсын 100 хотруу шууд нислэг үйлдэх бүрэн боломжтой юм.


Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хүрээнд 10 мянга гаруй барааг 100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй гишүүн орнуудын зах зээлд гаргах боломжтой.  Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Европын холбооны нэгдсэн зах зээлд 7200 гаруй бараа бүтээгдэхүүн, Япон улсын зах зээлд 9300 бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй гаргах боломжийг бүрдүүлсэн нь тээвэр логистикийн зах зээлийг бий болгож байна.  


Олон нийт ажил хэргийн бүсийн 564 га талбайд 6000 хүн ам суурьшина. Тухай бүсэд олон талт бизнесийн оффис, ажлын байр, худалдааны төвүүд төлөвлөгдсөн. Худалдаа үйлчилгээ, ажиллах орчины тав тухыг бүрдүүлсэн, амьдрах таатай орчин, байгальд ээлтэй төлөвлөлт хийхийг зорьсон. Хөрөнгө оруулагчдад татварын хэлбэлзлээс болж таагүй нөхцөл байдлыг үүсгэхгүйн тулд татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрээ , эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой болгоно.


Шинэ Зуун мод хотын Нано био технологийн төв нь өндөр технологийг хөгжүүлэх кластер хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт 420 мянган мкв барилга байгууламж баригдаж 6200 ажлын байрыг бий болно. Нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх боломжтой.


Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах цогц төлөвлөгөөний хүрээнд шинэ хотод оюутны хотхон, судалгаа шинжилгээний хүрээлэн бүхий цогцолборыг төлөвлөлсөн. Дэлхийн тэргүүлэгч зах зээлийн орон зай, бизнесийн олон талт боломж, хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг санал болгож байна гэв.


ОХУ-ын төлөөлөгч С.В.Снетковтой уулзаж сэтгэгдлийг сонсвол, “Би ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас, бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж Чита хотоос ирсэн. Монголд ирсэндээ сэтгэл дүүрэн байна. Чуулганыг зохион байгуулж буй Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимынханд баярлаж талархаж байгаа”-гаа илэрхийлье гэв. Чуулганаас юу хүлээж байна гэсэн асуултад тэрбээр, “Цар тахлын нөлөөгөөр урт хугацаанд “завсарлаад” байсан бизесийнхэнд шинэ хамтрагч, хамтран ажиллах түншүүдээ гурван улсын төлөөлөгч нар дотор нэг дор олж, харилцах гэж байгаадаа баяртай байна. Мөн олон мэдээлэл авч байна. Өнөөдөр, чуулганы эхний өдөр учир бидний танилцах харилцаа дөнгөж эхэлж байна. Бизнесийн хамтын ажиллагааны боломжуудаа өргөтгөж ашиглах явдал чухал. Үүнийг л хүлээж байна” гэсэн юм. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эгнээндээ 200 гишүүн аж ахуйг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна гэв.


Мөн ОХУ-аас ирсэн “Мангазея Агро” нэгдлийн захирал Анастия Шестаковатай уулзвал, “Манайх хөдөө аж ахуйн салбарт, ургамал, газар тариалан, мал үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Хөрш БНХАУ-ын талтай дээрх чиглэлүүдээр 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Одоо харин үйл ажиллагаагаа Монголд явуулахыг маш их хүсэж байна. Энд эрэлт хэрэгцээ байгааг судалсан. Жишээ нь, яг манай бизнесийн чиглэлээр БНХАУ-ын талтай харилцахад шаардлага, стандарт өндөр, хорио цээр ихтэй байдаг. Тэгвэл БНСУ болон Монгол Улс энэ талаар харьцангуй уян хатан ханддаг” гэв. Тэрбээр, Ковидын цар тахлын жилүүд их хүнд байсныг дурдаад, Монголд болж буй энэ удаагий чуулган гурван улсын ажил хэрэгч хүмүүсийн үйл ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагааг сэргээхэд чухал. Бидэнд аялал жуулчлал, эмчилгээ, сувилгаа зэрэг анагаах ухааны чиглэлээр, мөн Монголын Худалдаа, аж үйлдвэр Танхимаас танилцуулж, хамтран ажиллах санал тавьж буй уул уурхайн бус, бусад салбарт хамтран ажиллах боломж их байна гэсэн юм. 


Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын худалдаа, эдийн засгийн чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн. Үүний өмнө манай улсад 2017 онд зохион байгуулж байсан бол сүүлийн 15 дугаар чуулган 2019 онд ОХУ-ын Красноярск хотноо болсон юм. Улаанбаатар хот дахь энэ удаагийн 16 дугаар чуулганыг цар тахлын дараах гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх чиглэлд зохион байгуулж буйгаар онцлог болж байна.


Хоёр өдөр үргэлжлэх чуулганаар гурван улсын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх чухал баримт бичиг болох “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийн хүрээнд ХАҮТ-ууд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэн, санал солилцоно. Улмаар талууд хамтын ажиллагааны гэрээг үзэглэн баталгаажуулж, шинэ түншлэлийг эхлүүлэх юм.


Чуулган Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас гадна ХАА ба экспорт, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүс болон хөрөнгө оруулалт зэрэг дэд сэдвүүдийг хөндөн, мэдээлэл солилцож, сайн туршлагуудаа хуваалцана. Мөн дээрх салбаруудын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг энэ үеэр танилцуулах юм.


Холбоотой мэдээ