Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-05 18:28:05

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх болон томилох асуудлыг яаралтай горимоор хэлэлцэв.


Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцэж буй асуудалтай холбоотой танилцуулгыг хийв. Тэрбээр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байгаагаа хэлээд, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахыг үндэслэл болгосон. Түүнчлэн салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Танилцуулга хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг томиллоо. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан тангараг өргөлөө.


Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Борхүүгийн Дэлгэрсайхан

Ажлын туршлага:

1982-1983 онд         Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба

1987-1989 онд         Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч

1989-1992 онд         Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн  байцаах тасгийн дарга

1993-2016 онд         “Дорнын говь” ХХК-ийн  Захирал

2004-2016 онд         “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал

2016-2020 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноос               Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ