ОРХОН: Ангиографийн аппаратаар 500 гаруй хүнд хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-17 10:59:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Орхон, Булган, Хөвсгөл аймаг нь хойд бүсэд багтаж байгаа бөгөөд энэ гурван аймагт нийт 300 орчим мянган хүн амьдарч байна.


Энэ бүс нутгийн иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчний дийлэнхэд зүрх судасны өвчлөл багтаж байна. 2023 онд гэхэд Хөвсгөл аймгийн 28 иргэн Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж зүрхний яаралтай хагалгаанд оржээ. Учир нь Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв 2021 онд судсан дотуурх мэс засал хийдэг ангиографийн аппараттай болжээ.


Энэ аппаратыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгөөр худалдан авсны дүнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв хойд бүс нутагтаа зүрх судасны өвчлөлийг эрт үед нь оношилж яаралтай хагалгаа хийх боломж нь бүрдсэн байна.


Уг аппаратаар 2021 оноос хойш 500 гаруй хагалгаа хийсний 28 нь Хөвсгөл, 300 гаруй нь Орхон, Улаанбаатараас 7 иргэн байжээ.


Орхон аймаг эрүүл мэндийн салбартаа сүүлийн гурван жилд улсын болон орон нутгийн төсвөөс 25,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьд хүрсэн байна. Ингэснээр Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотоос очиж үйлчлүүлэх иргэдийн тоо ч нэмэгджээ.  

 

Холбоотой мэдээ