Ачаалж байна…
Ачаалж байна…
Odonchimeg T

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Баруун-Урт дэд станцын өргөтгөл буюу 110/35/10 кВ-ын Хайлааст дэд станц ашиглалтад орлоо. Одоогоор тус станцаас 800 хэрэглэгч эрчим хүч авч байгаа бөгөөд цаашид 2500 хүртэлх хэрэглэгчийг эрчим хүчээр хангах боломжтой.
Ингэснээр Баруун-Урт сумын зүүн талын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл байнгын цахилгааны хязгаарлалтад ордог асуудал үгүй болох юм.
Хайлааст дэд станцын нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын засаг дарга Ж.Жавхаатөгс болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Цахилгаан, дулааны эрчим хүч бол хүний амжиргааны суурь хэрэгцээ. Сүхбаатар аймаг 1997 онд Дорнод аймгаас 110кВт-ын ЦДАШ-аар байнгын эрчим хүчээ авч байлаа. Тухайн үед хэрэглээ одоогийнхоос 5-6 дахин бага байсан. Ер нь Сүхбаатар аймгийн цахилгааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хүн ам өсөж, үйлдвэрлэл үйлчилнээ нэмэгдэж тэр хэрээр хөгжил дэвшил өрнөж буйн илрэл. Тиймээс цаашид цахилгааны станцуудаа илүү боловсронгуй, хүчин чадал сайтай болгоход анхаарч ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэллээ.
Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах цахилгаан эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор энэхүү төслийг улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Повертүүл ХХК гүйцэтгэжээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, хүний ажлыг хөнгөвчилсөн, алсаас удирдах боломжтой станц гэдгээрээ онцлог.
Энэхүү станц нь 2500 кВа хүчин чадалтай хоёр трансматртай. Одоогоор нийт хүчин чадлын 35 хувийг ашиглаж байна. Цаашид Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсэд шинээр баригдах дулааны цахилгаан станц, мах бэлтгэлийн үйлдвэрүүд, шинэ сургууль цэцэрлэг, орон сууцны хороолол гээд бүх хэрэглэгчид найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болж байна гэдгийг Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбарын ерөнхий инженер С.Сайнзаяа тодотголоо.
ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар цахилгаан түгээх сүлжээ салбар нь 11 сум болон БаруунУрт сумын 17 мянган хэрэглэгчийг эрчим хүчээр хангаж байна.