ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасагт өндөр өртөгт микроскоп хандивлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
uranatuya@gmail.com
2024-05-24 13:31:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлалаа.

 

Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай, өндөр өртөгт энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болох юм. Ажил мэргэжлийн анхны гараа болсон эмнэлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, их эмч Д.Энхтүвшинд ГССҮТ-ийн хамт олон талархал илэрхийллээ.

 

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн хуруу, сарвуу, гар, хөл гэх мэт мөчдийн хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оноштой байдаг байна. Энэ дагуу тус эмнэлэг арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах мэс засал, эмчилгээ хийдэг аж.


Холбоотой мэдээ