Ачаалж байна…
Ачаалж байна…
Чойжамц Отгонцэцэг

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн өвлийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Өвлийн идэш” худалдааг энэ сарын 20-22-нд зохион байгуулна.
Худалдаа аймгийн төв Сүхбаатар сумын “Партизаны талбай”-д болох бөгөөд Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоны малчид, хоршоологчид, фермерүүд оролцож, мах, сүү, цагаан идээ болон бусад дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд борлуулах юм.
Ингэснээр иргэд гарал үүсэл нь тодорхой, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах боломжтой. Мөн малчид, хоршоологчид, фермерүүд зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулж, хэрэглэгчдэд хүрэх зах зээлээ тэлэх ач холбогдолтой.
Өвлийн улиралд хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, мах болон бусад гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд өргөн сонголттой, хүртээмжтэй худалдаа хийх боломж бүрдүүлэхэд чиглэж байна.
Ингэснээр иргэд өвлийн хүнсний хэрэгцээгээ орон нутгийн үйлдвэрлэгчдээс шууд хангахын зэрэгцээ малчид, хоршоологчид, фермерүүд бүтээгдэхүүнээ борлуулж, орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.