СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг улираан томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-27 10:24:06

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадорж 2 дахь удаагаа улиран сонгогдлоо.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадоржийг батламжилсан байна.

 

Н.Лхагвадорж нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан юм. Түүнийг улираан томилж, эхэлсэн ажлынх нь үр дүнг харах нь зүйтэй гэсэн төлөөлөгчдийн 51.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь уламжилсан.

 

Тэрээр орон нутгийнхаа хөгжлийг үндсэн гол 5 чиглэлд бодлогоо хандуулан ажиллаж байгаа юм. Тодруулбал:

-Сэлэнгэ аймгийн хөгжлийн гол түлхүүр болсон 70 МВт-ын Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа. Энэ нь хөдөөгийн хөгжлийг түргэтгэж, шинэ суурьшлын бүс байгуулахад ихээхэн түлхэц өгч буй томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм.

 

-Сэлэнгэ түмний хөгжлийг хөтлөх бас нэг чиглэл бол “Эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг” гэдгээ тодотгож, малын өвчлөлгүй эрүүл бүс болохын төлөө гол ажлаа чиглүүлж, “мах нь эрүүл байж, хүн нь эрүүл-хүнс нь эрүүл байж, хүн нь эрүүл” гэсэн зарчмыг барьж байгаа юм.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 2022 онд Монгол Улсад тарьц суулгац нийлүүлэгч аймаг болно гэдгээ зарласан. Тухайн үед тус аймагт мод үржүүлгийн 27 аж ахуйн нэгж, хувь иргэд байсан бол өнөөдөр 97 аж ахуйн нэгжтэй болтлоо өргөжөөд байна.


2024 онд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 7 орчим тэрбум төгрөгийн ажлыг “Тэрбум мод сан” болон Банкнуудын холбоотой хамтран хийгээд байна.


-Сэлэнгэ аймаг бол дэд бүтцийн тухайд бусад аймагтай жиших аргагүй хөгжсөн. Аймгийн төвөөс бүх сумтайгаа хатуу хучилттай замаар холбогдсон бөгөөд аймгийн төв Сүхбатар хот стандартын замаар хотоо чимж байна.


-Мөн төрийн албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж байгаа цөөхөн аймгийн нэг гэдгээрээ онцлогтой юм. 

Холбоотой мэдээ