"Чингис хаан" үзэсгэлэн, "Чех дэх Монгол өв" номын нээлт Прага хотноо 2025 онд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-11-30 21:28:14

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2024 онд Франц улсын Нант хотноо нээгдэж, оныхоо Европын шилдэг үзэсгэлэнгээр шалгараад буй.


Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууны удирдан бүтээж буй "Дэлхийд тархсан монголчуудын өв” цувралын ээлжит дугаар "Герман дахь Монголын өв соёлын дурсгалууд" бүтээл Берлин хотноо албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтэд Элчин сайд Б.Мандахбилэг, Хумбольтд форумын захирал К.Кох болон албаны бусад хүмүүс оролцов.  

"Герман дахь Монголын өв соёлын дурсгалууд" бүтээлийн хоёр дахь номыг 2025 онд гаргахаар төлөвлөжээ. Энэ талаар академич С.Чулуун "Герман дахь Монгол өв бүтээлд орсон дурсгалууд дахин давтагдахгүй бөгөөд өөрийн гэсэн агуулгатай цуглуулга"  гэдгийг онцлон тэмдэглэв. 


Уг бүтээлд Берлиний угсаатны музей дэх Монголын өв соёлын дурсгалууд, Улсын номын сан дахь Турфаны цуглуулга, Хошуу нутгийн газрын зургууд, Рашид Ад дины Иль хаант үеийн Дьезийн зэрэг цуглуулгууд багтсан аж.   

                               

"Дэлхийд тархсан монголчуудын өв” цувралын өмнөх 11 ботийг ССАЖЗЯ-ны дэмжлэгтэй нийтлүүлсэн бөгөөд ирэх онд "Чех дэх монгол өв" номыг гаргах юм. Мөн  “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Прага хотноо дэлгэхээр төлөвлөжээ.






Холбоотой мэдээ