ӨМНӨГОВЬ: Галбын говийн үзэсгэлэнт Ундайн гол

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-10 14:51:27

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ундайн гол нь Өмнөговь аймгаас зүүн урагш 290 гаруй километрт Ханбогд сумын нутагт оршдог.

 

Луультын нуураас эх авч Ханбогд сумын нутгаар 120 гаруй км үргэлжилж Галба, Дайчингийн говь хүртэл урсаж говио тэтгэдэг, нийт 1081 хавтгай дөрвөлжин км ус хураах талбай бүхий Ханбогд сумын хамгийн өргөн сайртай гол билээ.

 

Ундайн гол дагууд 30 гаруй булаг шанд, худаг, 3464 нэг иштэй, 2589 хоёр ба түүнээс дээш салаа иштэй хайлаас мод байдаг.

 

Үүнээс хамгийн урт настай мод нь 227 жил, дундаж наслалт 120-150 жил хэмээн тогтоосон бөгөөд Монгол орны хайлаас модны хамгийн том бүлгэм энд байна хэмээн үзжээ.

 

Энэхүү голд нүүдлийн болон суурин шувууд үүрлэн амьдрахад нэн таатай орчин буй болдог. Бороо хур элбэгтэй 2018 онд Ундайн гол үерлэн 42 хоног татралгүй урсаж байсан түүхтэй.

 

Ундайн гол, түүний ойролцоох аараг толгод дунд эртний хүмүүсийн амьдарч байсан ул мөр, булш, хадны зураг зэрэг соёлын өв дурсгал элбэг байдаг, говийн байгалийн үзэсгэлэн болон түүхийн дурсгал хосолсон цогцолбор нутаг юм.

 

Эрт үеэс энэхүү голоос түмэн олон ундаалж байсан тул Унд гол гэж нэрлэдэг байсан нь өдгөө Ундайн гол гэж нэрлэгдэх болжээ.

Холбоотой мэдээ