ӨВӨРХАНГАЙ: "Нүүдэлчин" хөтөлбөрөөр хүүхдүүдэд гэр барих ёсыг зааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр,
2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн музейгээс “Нүүдэлчин”
хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол
гэр барих ёсыг залуу, хойч үед сургаж байна.
Сурагчид анги, хамт олноороо музейд зочилж, нутгийн онцлог бүхий шилдэг үзмэрүүдтэй танилцахын зэрэгцээ уламжлалт гэр барих дараалал, гэрийн бүтэц, нэршлийг мэдэж авч байгаа юм. Мөн “Өндөр гэгээн Занабазарыг хэн сайн мэдэх вэ?” гэх мэт асуулт, хариултын хөлөгт тоглоомоор тоглож, нутгаасаа төрөн гарсан нэр алдартай түүхэн хүний намтартай танилцаж байна.
Гэр барих ёс,
“Гэр барихдаа ханыг баруун хатавчнаас эхлэн нар зөв дугуйлан босгож, хооронд нь амыг нь нийлүүлэн боодог. Монголчууд гэрийн хананы амыг буруу нийлүүлэхийг “нохойн ам нийлүүлэх” гэж цээрлэдэг билээ. Гэрийн хаалгыг урд зүг рүү харуулдаг ёстой. Тэгэхдээ уулын онь чиглүүлэхийг бас цээрлэнэ. Гэрийн хаалгыг хазгай муруй бус, тэгш барихыг ямагт эрхэмлэх бөгөөд хаалгыг хоёр талын ханатай дотор хошлонгоор бэхлэн босгоно. Харин тооныг дээш өргөн хоёр баганаар тулж, дөрвөн талаас нь хэд хэдэн унь өлгөж тогтоодог. Тэгээд бүх унийг урд голоос эхлэн өлгөж дуусгана. Үүний дараа тоононд бэхэлсэн дөрвөн чагтагыг дөрвөн тал руу татаж уяна.
Дараа
нь гэрийн урд, хойд цавгийг нөмөргөж, хатавчны туургуудаа бүслэн сэжүүрүүдийг
нь зөрүүлж, урд дээврээс эхлэн дээврүүдээ тавьдаг. Зун цагт бол дан туурга,
дээвэр барина. Өвлийн
улиралд 2-3 туурга, дээврийг давхарлаж, гадуур нь цагаан
бүрээс нөмөргөнө. Гадна талын хоёр хошлонг тойруулан чангалж татаад дээврийн оосрыг дөрвөн зүгт даруулж уяна.
Хамгийн сүүлд нь өрхөө тавьж, гурван бүслүүрээ татаад хоёр шигшиг уядаг. Гэрээ барьчихаад гэрийн эзэгтэй шинэ цай чанаж, гэр барьсан хүмүүсийг идээ будаагаар зочилдог заншилтай.