ОХУ химийн зэвсгийн нөөцөө бүрэн устгав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-11-29 15:26:31
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Засгийн Газар "Химийн зэвсгийн нөөцийг устгах" холбооны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 21 жил өнгөрөв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ ОХУ өнгөрөгч есдүгээр сард химийн зэвсгийн 14 хувийг хадгалж байсан хамгийн сүүлчийн объектыг устгаж аюулгүй болгосон тухай онцлов.
ОХУ нийт 40 мянган тонн химийн зэвсгээ Камбарка, Щучье, Почел, Горный, Леонидовка, Мирный, Кизнер зэрэг 7 тосгонд хадгалдаг байсан аж. Харин 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцины тушаалаар их хэмжээний аюулт зэвсгийг устгах ажлыг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж эхлэн 2018 онд бүрэн устгах төлөвлөгөө боловсруулжээ. 
“Химийн зэвсгийн нөөцийг устгах” 21 жилийн хөтөлбөрт ОХУ төсвөөсөө 280 тэрбум рубль зарцуулж, "Аюул, заналхийллыг багасгах хамтын хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ, Герман, Их Британи, Итали, Канад зэрэг улсаас нэг тэрбум ам.долларын тусламж авсан аж.
Дашрамд дурдахад 1993 онд хүн амьтныг үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг том төрөл болох химийн зэвсгийг үйлдвэрлэх, нөөцлөх, хэрэглэхийг хориглох конвенцид НҮБ-ын 183 гишүүн орон санал нэгдэн гарын үсэг зурсны дотор Монгол Улс мөн багтдаг юм.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ