Мэргэжлийн дуучин 40 минут дуулах уурхайчны 4 цагийн хөдөлмөртэй тэнцдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 15:41:40

Сэлэнгэ  аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга шинэ жилийн босгон дээр дэлхийн сонгодог бүтээлээр Сэлэнгэ түмэндээ бэлэг барьсан юм. Ингээд тус чуулгын дуу ангийн багш Ж.Дашдаваатай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

-Шинэ оны босгон дээр чуулга маань сонгодог бүтээлээр урын сангаа баяжууллаа. Дуучдын хувьд амжилт арвин байх шиг байна. Ер нь энэ жил уран бүтээлийн олз омог хэр байв даа?

-Энэ жил манай чуулгын уран бүтээлчид, тэр дундаа дуучид маань арвин их ургац байлаа. Тухайлбал Дорноговь аймагт зохиогдсон Морины тухай дууны уралдаанд дуучин н.Алтанбилэг маань амжилттай оролцоод 4-р байранд шалгарсан, мөн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ч.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо” Олон Улсын уралдаанд манай гурван дуучин амжилттай оролцлоо. Саяхан Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Монгол ардын дууг хэн гарамгай сайн дуулах вэ” Олон Улсын уралдаанд манай 3 дуучин оролцоод Э.Бат-Эрдэнэ маань тэргүүн байр, Ч.Өрнөхбаяр тусгай байрт шалгарч Н.Баасанжаргал маань уралдааны салхийг хагалж “Түмэн эх” гэдэг сайхан уртын дуугаар түрлэг өргөсөн. Манай дуу анги 12 дуучинтай, 2 уртын дуучин бий. Бид шинэ оноо угтаж сонгодог дуун цэнгүүний концерт бэлтгэлээ. Дуучид маань томоохон хэмжээний ари, романс дууллаа.

-Дуучдаа улам чанаржуулах тал дээр танд бодож яваа зүйл байгаа байх даа?

-Миний хувьд цаашид дуучдаа дэлхийн хэмжээнд өрсөлдөхөөр хэмжээнд хүртэл чадваржуулах зорилготой ажиллаж байна. Дуучидтайгаа ганцаарчилж маш сайн ажиллана. Гэхдээ өнөөдөр манай дуучид хаана ч очоод дуулсан нүүр улайхааргүй чадвартай болж байгаа. Хоёр уртын дуучинтай. Нэг нь ардын богино, урт, сонгодог, зохиолын бүх л төрлөөр дуулж байгаа. Гэхдээ дуучин хүний өөрийн авьяас, ур чадвараас бүх зүйл шалтгаална л даа. Харин сонгодог дууны хувьд барагийн хүн дуулж чадахгүй, мэргэжлийн дуучид л дуулна. Манай дуучдын хувьд сонгодог, ардын, зохиолын аль алийг нь дуулах чадвартай болж байгаа. Үүний төлөө би зүтгэнэ, хамгийн гол нь хөдөлмөр. Хамгийн гол нь дуучид маань ур чадвараа дээшлүүлэхийн тулд өглөөнийхөө дасгалыг байнга тогтмол хийж байх ёстой. Дуучин хүн 3 хоног л дасгал хийхгүй бол хоолой алдагдана. Төрөлхийн ч бай, тавимал ч бай адилхан. Дуучин хүний хөдөлмөр бол хүн харахад амархан юм шиг харагддаг. Гэтэл угтаа бол маш хүнд хөдөлмөр. Манай мэргэжлийн багш нар хэлдэг байсан. Мэргэжлийн дуучин хүн 40 минут дуулахад, уурхайчин хүний 4 цагийн хөдөлмөртэй тэнцэнэ гэж. Ийм л хүнд энерги зарцуулдаг хөдөлмөр юм л даа.

-Чуулга маань Ардын дуу бүжгийн гэсэн тодотголтой. Сүүлийн үед ардын дууг өөр манераар дуулдаг болж. Энэ тал дээр таны бодол юу байдаг вэ?

-Бид Цагаан сарын өмнө дан ардын дуугаараа шинэ уран бүтээл хийнэ. Ардын дуу бол ардын дуугаараа л байх ёстой. Одоо цаг үед жинхэнэ ардын дуу маань орхигдох гээд байна. Ардын дууны уламжлагдаж ирсэн байдал орхигдож, хүмүүс дуулж чадахаа болих гээд байна. Миний бодлоор сүүлийн үеийн олон янзын рок, поптой хольж, ардын дууны мөн чанарыг алдагдуулж болохгүй. Ардаараа л байх ёстой. Ардын дууг ганц шанзтай ч юм уу, үндэсний хөгжимтэй дуулах хэрэгтэй. Харин ардын дуунд хөгжмийн янз бүрийн баяжилт, панограмм хийж болно. 

-Дуучин хүний баримтлах хамгийн гол зарчим ч гэх юмуу, анхаарах зүйл юу байдаг юм бэ. Дуучдын хувьд хоолой нь тэдний гол хөдөлмөрийн зэмсэг биздээ?

-Тийм шүү. Мэргэжлийн дуучин хүн бол бүх эд эсээрээ дуулдаг. Хамгийн гол нь дуучин хүн хоолойгоо маш их гамнаж, хайрлаж явах хэрэгтэй. Тэд гэртээ ч хаана ч тэр л хоолойгоороо дуугарна, ярина. Бусад мэргэжил бол өөр шүү дээ. Нэг дуу гэдэг бол нэг том зохиол. Гурван бадаг дуу бол бүхэл бүтэн том романы дайтай утгыг агуулна. Тэнд үг, ая, хөгжим бүгдийг нэгтгэж, сонсож байж дуучин хүн хүнд хүргэнэ. Энэ дуу гэдэг зохиолоо нүдэндээ харна, утгажуулна, хүмүүст ярьж өгч байж сая үр дүнгээ харна. Уянгалаг яруу эгшгийг мах, цусандаа шингээж, уран яруу үгийг нүдэндээ харж дуул гэдэг юм даа. Дуугаа мэдэрч, түүндээ орж дуулах нарийн мэдрэмжтэй байх ёстой. Зүгээр нэг нот цээжилчээд орилоод байх биш шүү дээ.

-За танд баярлалаа. Шинэ ондоо уран бүтээлийн арвин олзтой байхыг хүсье.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Связанные новости