Алтанбулагийн боомтод урт дараалал үүсдэгийг таслан зогсоохыг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 09:53:01

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өчигдөр Алтанбулаг дахь хилийн боомтын  үйл ажиллагаатай танилцан, хилээр зорчигчдын урсгал ихсэж байгаатай холбоотойгоор үүсч болох хүндрэл, дарааллын асуудлыг хөнгөн шуурхай шийдвэрлэх асуудлаар ярилцлаа.

Өнгөрсөн жилийн хувьд иргэд олон хоногоор дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл асуудал нэлээд гарсан учраас энэ жил энэ асуудлыг давтахгүйгээр, урьдчилан сэргийлэх үүднээс эртнээс гарцаа хайж, аль болох иргэдийг удаан хүлээлгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн дарга энэхүү уулзалтыг  зохион байгуулсан юм.

Монгол түмний уламжлалт “Цагаан сар”-ын баяр дөхөж буйтай холбоотойгоор хил нэвтрэх хүмүүсийн дараалал ихсэх хандлагатай болсон байна. Гэхдээ оргил ачааллын цаг арай болоогүй хэмээн хилийн албаныхан хэлэв. Уулзалтын үеэр дээрх мэргэжлийн албадын дарга нар өөр өөрсдийн ажил үйлчилгээгээ товч мэдээлсэн. Мэдээллийг сонссоны дараа аймгийн Автотээврийн төвөөс хил дээр дугаарлаж буй машинуудад дугаар тараадаг асуудлыг аймгийн дарга зогсоохыг санал болголоо. Учир нь дарааллыг хөнгөлөх бус, будлиан үүсэх нөхцөл үүсч болзошгүй учраас энэхүү арга хэмжээг авсан юм. Мөн хилээр зорчигч иргэдийг Хилийн мэргэжлийн хяналтын газар дээр давхар бүртгэж, Боомт болон Гаалийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг давтан цаг алдах, хугацаа сунжрах байдал үүсгээд байна хэмээн ИХШХГ-ын Сүхбаатар дахь газрын дарга Р.Одмөнх хэлээд цаашид анхаарч өгөхийг санал болгосон. Цаашид хилээр зорчиж байгаа тээврийн хэрэгслийг хоёр эгнээ болгож, Сэлэнгийн машин, гадны машин гэсэн ангиллаар дараалалд оруулан Сэлэнгийн машинаас нэг ээлжинд 2, гадны машинаас нэг ээлжинд 6 машин авч байх талаар тэд ярилцсан юм. Энэ асуудлаар иргэд ч санал тавьж байв. Эл асуудлыг аль болох хурдан шуурхай, иргэдэд хүндрэлгүй хоёр хаалгаа ашиглан, зөв зохион байгуулахыг хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа албаныханд аймгийн дарга үүрэг болголоо. Хамгийн гол хүндрэл гэвэл өнөөдөр гадны буюу УБ дугаартай машинууд удаан хугацаагаар дараалал хүлээн зогсох, Сэлэнгийн машинууд зохиомол дараалал үүсгэж, нэг дугаарыг 1000 рублиэр зардаг тухай зорчигчдоос гомдол мэдүүлж байв. Ямартаа ч хил дээрх бодит нөхцөл байдал ямар байгааг өөрийн биеэр, харж, иргэдтэй нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонссон аймгийн дарга хил дээр иргэдийг бухимдуулсан, дараалал үүсгэсэн, иргэдийг чирэгдүүлсэн асуудал гаргахгүй байхыг холбогдох албадын дарга нарт үүрэг болголоо.

Алтанбулаг дахь Хилийн АЗШНБоомтод болсон уг үйл ажиллагаанд ХЦ-ийн Шалган нэвтрүүлэх тусгай 0101-р ангийн захирагч хурандаа С.Энхсүх, Алтанбулаг дахь Гаалийн салбарын дарга Д.Батбаатар, ИХШХГ-ын Сүхбаатар дахь газрын дарга Р.Одмөнх, Автотээврийн төвийн дарга Ч.Жамбалнямбуу, тус төвийн менежер Ц.Ариунаа, Алтанбулаг дахь АЗШНБ-ын дарга Ч.Мөнхзолбоо, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Д.Ганболд, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй, сумын Засаг даргын орлогч  болон аймгийн Хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Связанные новости