Баянхонгорын ИТХ энэ сарын 21-нд хуралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-20 15:09:09

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдааныг ёсдүгээр сарын 21-нд зарлан хуралдуулахаар товложээ. Хурлаар аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн үлдэгдэл хуваарилах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-д нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталжээ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд нутгийн өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулан "Хүн -тээврийн хэрэгсэл зам орчин" гэсэн дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.

Хөтөлбөр зам тээврийн ослын шалтгаан болж байгаа сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.Түүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэдэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аймгийн дэд зөвлөлийг байгуулжээ. 

Хуралдааны хүрээнд Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн тайланг хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдсөн байна. Мөн хуралдаанаар орон нутгийн залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар эрүүл бие бялдартай, боловсролтой, уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, ёс зүйтэй, бүтээлч хариуцлагатай, амьдрах ухааны чадвартай залуу үеийг төлөвшүүлэх зорилгоор "Залуучуудын хөгжлийг дэмжих" хөтөлбөрийг баталсан байна.

                                                                                        Б.Мөнхзул

Связанные новости