Бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-10 15:38:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчныг дэмжих нь” төсөл Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэг болон Богд суманд хэрэгжиж эхэллээ. Төслийн сургалтад ахлах бэлтгэл бүлгийн 207 хүүхэд, 356 эцэг эх хамрагдав.

Улирагч оноос эхлэн Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/-гаас Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд Баянхонгор аймагт Боловсрол соёл урлагийн газар, "Хонгор нутгийн үрс" ТББ-тай хамтран ажиллаж, Богд сумын болон Баянхонгор сумын 10 цэцэрлэгт  хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт  (хүүхэд, эцэг эх, багш) болон олон талт оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тогтолцоо бий болгох зорилготой ажТөслийн эхний жилд суурь судалгааны мэдээллийг цуглуулж, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр  ажилладаг  төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 4-5 настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын  арга зүйг боловсруулж, гурван цуврал хүүхэлдэйн киног гаргаж аймгийн хэмжээнд долоон сургагч багшийг бэлтгэсэн байна.

Тус сургалтын модулийн хүрээнд  сургуулийн өмнөх боловсролын багш нарт бага насны хүүхдэд биеийн нууц хэсэгт хэн хүрч болох, болохгүй, хэрэв хэн нэг нь тэдний биеийн нууц хэсэгт хүрвэл хэнд, хэрхэн мэдээлэх талаар сургалт арга зүйг явуулсан ба эцэг эх асран хамгаалагчдад бага насныхаа хүүхэдтэй хүчирхийллийн асуудлаар хэрхэн ярилцаж, хамгаалах, хүчирхийллийн тохиолдлыг хаана мэдээлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтыг ийнхүү зохион байгуулж байгаа аж. Цаашид төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх ажлыг 11 дүгээр сард аймгийн хэмжээнд зохион байгуулна.

                                                                Б.Мөнхзул

Связанные новости