Мах, сүү, цагаан идээ өндөр үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-07 13:50:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт мах, сүү, цагаан идээний үнэ өндөр, олдоц багатай байна. Өнөөдрийн байдлаар "Дэлгэрэх" хүнсний зах дээр хонины мах гулууз нь 5200 төгрөг, ямааных 4600 төгрөг, үхрийн мах 6500 төгрөгийн ханштай байгаа бол цул мах нь кг тутамд 1500-2000 төгрөгөөр илүү үнэтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм.

Өмнө нь тус худалдааны төвөөс гадна захын үүдээр малчид өөрсдөө машин дээрээсээ хямд үнээр худалдан борлуулдаг байсан бол энэ жилийн тухайд тийм зүйл огт байхгүй байгааг худалдан авагчид хэлж байна. Тэд хэлэхдээ, "Ихэнх малчид мал, махаа Хятадуудад зарж борлуулчихаад байгаа учир аймгийн төв дээр махны хомсдол үүсч байна. Махны худалдаачид бол өөрсдийн сүлжээгээр дамжуулан гэрээ бүхий малчдаасаа мал, мах авч байгаа бололтой. Тэрнээс шалтгаалан худалдан авагчид ямар ч сонголтгүйгээр өндөр үнэтэй мах авахаас өөр аргагүй болж байна" гэж ярив.

Сүү, цагаан идээний хувьд малчдын гар дээрээс шууд худалдан авах боломжтой байдаг Тойргийн захад хамгийн доод ханштай байгаа хэдий ч худалдан авагчид хувьд хэт өндөр үнэтэй зарж байна хэмээн шүүмжилж байлаа. Тус захад сүү нэг литр нь 3000 төгрөг, аарц 3500 төгрөг, өрмөн тос 12 мянга, шар тос 16 мянга, тавгийн ааруул 110-150 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин цагаан идээний худалдааны төвүүдэд 500 орчим төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Энэ нь улирагч оны мөн үеэс 1000 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн аж.

Связанные новости