16 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй зорчуулахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-12 19:46:09
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт өртөө” төмөр замаар өдөрт дунджаар 250-350 хүн зорчдог бол сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор 450 болтлоо нэмэгдэж нийт зорчигчийн 30 хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн хөдөө эмээ, өвөөгийндөө очихоор явж буй хүүхдүүд харгалзах хүнгүйгээр явах тохиолдол ихэссэн тул Төмөр замын Цагдаагийн газраас 16 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байхыг олон нийтэд анхааруулжээ.

Хүүхдүүд галт тэргэнд  зорчиж байх үедээ унтаж, буух ёстой өртөөгөө өнгөрөх эсвэл өртөөгөө андуурч буух тохиолдол гарч байгаа юм.

Иймд 16 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй явах тохиолдолд тасалбар огт бичихгүй байгаа ажээ. Гэвч эцэг, эхчүүд хүүхдээ танихгүй хэн нэгэнд даатган тасалбарыг нь цуг бичүүлэх, хэн нэгэнд  захих, хамт явуулж байгаа үйлдэл гарсаар байна.

Түүнчлэн 12-оос дээш насны хүүхдийн зорчих тасалбарыг насанд хүрсэнээр тооцдог учир  эцэг, эхчүүд бухимдан хүүхдүүдээ ганцааранг нь явуулах гэж  зүтгэдэг байна. Иймд хүүхдийнхээ аюулгүй байдалд эцэг, эхчүүд онцгой анхаарахыг Цагдаагийн газраас зөвлөв.

     

Связанные новости