Баян-Өндөр суманд шинэ баг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Баян-Өндөр суманд Малчин баг байгууллаа. Орхон аймаг нь 859 малчин өрхтэй бөгөөд нийт 114.4 мянган толгой малтай юм. Малтай иргэд аймгийн төвийн зүүн хэсэгт илүү төвлөрдөг тул тэднийг нэгтгэх, бусад багт байгаа малчин өрхийг шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарвал хязгаарлалтын бүс тогтоож ажиллахад хялбар болох, малчдад чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжтой гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ.
Хотын төвдөө мал байрлуулах нь малын гоц халдварт өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм тогтоох, хязгаарлалтын бүс байгуулахад бэрхшээлтэй байдаг ажээ. Иймд малчдад зориулж тусгай баг байгуулж, энэ сараас үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа нь энэ юм. Мөн малчид малын эмчийн дуудлагаа заавал багаараа дамжуулж өгөх ёстой гэнэ.
Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант сумтай. Нийт 24 багтай бөгөөд 25 дахь нь Малчин баг юм. Нэг багт дунджаар 900-2000 өрх амьдарч байна.
Дашрамд дурдахад, ирэх сарын нэгнээс
Баян-Өндөр сум нөөцийн өвс, тэжээлээ хямдралтай үнээр Малчин багт худалдаалах
тул үүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх хэрэгтэй гэнэ.