"Хонгорын цагдаа" үзэсгэлэн худалдаагаар 3.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас сар шинийн баярыг тохиолдуулан алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн амжиргааг дэмжих зорилгоор “Хонгорын цагдаа - Бүтээлч" үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Алба хаагчид болон түүний гэр бүлийн гишүүдийн өрхийн бизнесийг сурталчлан таниулах зорилгоор хийсэн тус арга хэмжээнд 40 гаруй алба хаагч, тэдний гэр бүлийн гишүүдийн хийсэн 41 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна. Үзэсгэлэн худалдаагаар цагаан идээ, гар урлал, эсгий урлал, модон сийлбэр, нум сум, эмээл хазаар, нэхмэл болон шүрэн эдлэл, даалин, үндэсний хувцас, төрөл бүрийн амтат салат, хоол, зууш зэрэг 39 төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаж, 3.627.900 төгрөгийн борлуулалт хийжээ.
Аймгийн Цагдаагийн алба хаагчид үзэсгэлэн худалдааны хүрээнд таван бүс болон хуваагдаж өрсөлдсөн бөгөөд бүтээгдэхүүний амт чанар, сав баглаа боодол, өнгө үзэмж, шинэ санаа туршлагаараа “Хангайн бүс”-ийн хамт олон тэргүүлжээ.