Багш нар хүүхдийг номонд дуртай болгох аргазүйд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. "Ном-Эрдэм" аяны 20 жилийн ойг угтсан ажлууд Баянхонгор аймагт эхэллээ.
Ойн хүрээнд Бага ангийн багш нарт зориулж "Хүүхдийн унших чадамжийг
хөгжүүлэх арга зүй" сургалтыг зохион байгуулж байна. Олон улсын Баянхонгор бага
сургуулийн захирал, “Ном эрдэм” аяны санаачлагч Ш.Чимгээгийн урилгаар “Монсудар” хэвлэлийн газрын сургалтын
хэрэглэгдэхүүн зохиох албаны мэргэжилтэн н.Ариунцэцэг сургалтыг
удирдан явуулжээ. Өчигдөр болсон тус сургалтад аймгийн төвийн бүх
сургуулиудын бага ангийн багш нарын төлөөлөл оролцсон бол өнөөдөр “Хүүхдийг номоор хэрхэн
хөгжүүлэх вэ?” сэдвийн дор аймгийн
төвийн 22 цэцэрлэгийн багш нар номын
дуу сонсч байна.
Хүүхдийг
номтой нөхөрлүүлснээр зөв хэвшил төлөвшилт, эерэг зан чанар, ярих чадвар,
өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, сонсож, уншиж ойлгох чадвар, анхаарлаа төвлөрүүлж
сурах, ой тогтоолт, сэтгэхүй, асуудал шийдвэрлэх чадвар, гоо сайхны мэдрэмж
дээшлэх чухал ач холбогдолтой байдаг байна. Мөн бага насны хүүхдийн хөгжил,
хэл яриа, оюун ухаан, сэтгэхүй болон ярих, бодох, сонсох
чадварыг төрөл бүрийн номны тусламжтайгаар хөгжүүлэх
талаар сургагч багш онцлон танилцуулж байв. Мөн хүүхдийг багаас нь номонд дур сонирхолтой болгоход эхлээд хүүхдийн орчинд номыг байрлуулах, хүүхэд дуртай цагтаа номыг авч үзэх боломжоор хангах нь
хүүхдийг номонд дурлуулах ач холбогдолтойг онцолж байлаа.