УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын дарга Гомбажавын Занданшатар өчигдөр /2019.02.25/ Баянхонгор аймагт ажиллалаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн анхны томилолтоо ийнхүү төрсөн нутгаасаа эхэлж байгаа бөгөөд түүнийг аймгийн Баганат талбайд Баянхонгор аймгийн цэргийн хүрээний хүндэтгэлийн жагсаал угтан авсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нарын зэрэг албаныхан багтжээ.
Г.Занданшатар: Сэтгэл гарган, хүчээ нэгтгэж
ажилла
УИХ-ын даргын албан томилолт Баянхонгор аймгийн Төрийн албаны удирдах ажилтнуудтай хийсэн уулзалтаар эхлэв. Тэрээр сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг, нийгмийн салбарт гарч байгаа эерэг үзүүлэлтүүд, холбогдох үеийн мэдээллийг хүргээд Баянхонгор аймгийн хэмжээнд болж байгаа сайн болон саар зүйлсийг хэлж сануулсан юм.
Хэлэхдээ, “Баянхонгор аймаг удирдлагын түвшинд төрийн албаны туршлагатай, мэргэшсэн алба хаагчид ажилладаг болсон байна. Энэ дунд ажлыг аргацаах төдий хийгээд сурчихсан, хариуцлагаас хол байгаад байдаг хэсэг бүлэг ч бий болж. Та бүхэн удирдах албан тушаалынхаа хүрээнд тэр бүгдэд зарчимч шаардлагаа тавьж, ажил цалгардахгүй явах бүх боломжийг хангаж ажилламаар байна. Монгол улсын хөгжлийн, төр түмнийхээ төлөө тогтолцоог тэгж л сайжруулж ажиллах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.
Мөн тэрээр, аймгийн хэмжээнд ажил нь цалгардаад байгаа салбаруудыг “цохон”,
сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг санууллаа. Аймгийн боловсрол, эрүүл мэнд, байгаль
орчин, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажил хангалттай түвшинд явж
чадахгүй байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар шуудхан хэлж байсан юм. Ажил
дүгнэж, байр эзлүүлэхэд үзүүлсэн цаас биш, бодит ажил хэрэг болсон зүйлс л
ажлын үзүүлэлт чинь болох юм шүү хэмээн сануулж байсан. Мөн үргэлжлүүлэн “Бие
биенээ магтан хөөргөж, толгойг нь илдэг цагаа ард үлдээж, шаардлага тавьж, хариуцлага
тооцдог зарчимч байдлыг урдаа тавих цаг болсон. Сэтгэлээ гаргаж, хүчээ нэгтгэж
ажиллаарай” гэв.
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийв
Уулзалтыг үргэлжлүүлэн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм.
Тэрээр улсын хэмжээнд болон Баянхонгор аймагт хийгдэх Зам тээвэр хөгжлийн
салбарын ажил арга хэмжээг танилцуулав. Өлзийтийн тойрог, авто постыг нь зөөх,
Түйн гол дээгүүрх гүүрийг шинэчлэх зэрэг ажлыг энэ ондоо багтаан хийх юм байна.
Мөн “Аймгийн удирдлагууд, орон нутгийн иргэдийн хүсэлт тавьсний дагуу агаарын
тээврийн тогтмол нислэгтэй болгох ажлыг судалж, шийдэгдэх боломжтой ажил гэсэн
дүгнэлтэнд хүрсэн. Одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд шийдэгдчихвэл татаастай
нислэг оруулж ирэх боломжтой болж байна” гэсэн юм. Түүнээс гадна хот хоорондын зорчигч
тээврийн үйлчилгээнд нэмэлт компани оруулж ирэх асуудал яригдсан. Хэрвээ л
танай орон нутаг шаардлагад нийцсэн, хариуцлагатай компани оруулж ирж чадахаар
бол бүх зүйл нээлттэй гэж байдлаар эхний шийдэлд хүрсэн гэдгийг мөн дуулгав.
Ярианыхаа төгсгөлд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, “Баянхонгорчууд
хариуцлагатай цаг үед төрийн туг нь болон ажиллах үүрэг ногдсон. Та бүхэн нутгаасаа
гарсан төрийн өндөрлөгүүддээ орон нутгаа ажил үйлсээр нь манлай байлгаж
дэмжээрэй” хэмээн захиж байлаа.
Г.Ганбаяр: Боловсролын салбартаа онцгой анхаарч ажиллах шаардлагатай болжээ
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр шүүмжлэлийн аясаар яриагаа эхлэв. “Албан ажлаар Хонгор нутагт анх удаа ирж байгаагаа бодвол амны бэлгээр өөр зүйл ярих нь зүй ч танай аймгийн боловсролын салбарын өнөөгийн байдлыг үзээд үнэхээр дуугүй өнгөрч болохгүй нь. Шуудхан хэлэхэд танай аймгийн боловсролын салбар дампуурчихсан байна” хэмээн БСШУС-ын дэд сайд хатуухан хэлсэн юм. Сурагчдын ЭЕШ-ын оноогоор 21 аймгийг жагсаасан дүнгээр Баянхонгор аймагт жил дараалан буурсан дүнг үзүүлсээр энэ онд 21дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ байдалдаа дүгнэлт хийгээд салбараа өндийлгөх үүднээс ажил арга хэмжээгээ шуурхайлахын оронд хойрго хандаж байгаа байдал анзаарагдсаныг тэрээр шүүмжлэв.
Энэхүү уулзалтад ирэхээсээ өмнө БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр аймгийн сургууль, цэцэрлэгүүдээр орж ажил байдалтай нь танилцаж, аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар /БСУГ/-т уулзалт зохион байгуулсан байна. Тус уулзалтаар боловсролын салбарыг аймагтаа зангиддаг БСУГ-ынхан “Манай газар өөрийн гэсэн байргүй. Нүүдлийн маягаар ажиллаж энэ хүрсэн” хэмээх тайлбарыг өгч байсан нь салбарын дэд сайдын “эгдүүцлийг” ийн хүргэжээ. Мөн сургуулиудаар ороход багш болон сурагчдын байгаа байдал салбарын нүүр царайг илтгэх мэт дундуур сэтгэгдэл төрүүлснийг ч тэрээр нуусангүй. "Дэндүү харамсалтай гэмээр ийм нөхцөл байдал ганц миний орсон сургуулиудад байгаа гэж бодохгүй байна. Тиймээс үдээс хойно та бүгдийг бэлдсэн сургуулиар биш дурын сургууль, цэцэрлэгийн ажил байдалтай танилцана” гэдгээ дэд сайд хэлж байлаа. Мөн орон нутгийн удирдлагуудад хандан, Баянхонгор аймгийн Боловсрол Соёл урлагийн газар өөрийн гэсэн байр савгүйгээс тус салбар чинь хангалтгүй ажиллаад байгаа бол энэ асуудлыг нь нэн даруй шийд. Хэрэв өөр асуудал, бэрхшээл байгаа бол түүнийгээ даруй тодорхойлоод холбогдох газруудад хүргүүлж ажил хэрэг болгож, энэ салбараа хурдхан босгож ирэхийг үүрэгдэв. Салбар яамнаас ч ажил хаанаа доголдоод байгааг тогтоох ажлын хэсгийг ирэх сард Баянхонгор аймагт ажиллуулна гэлээ.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Энэ жил танай аймагт боловсролын салбарын 19
хөрөнгө оруулалт тавигдсан. Мөн бид сургалтын чанар, сурах бичиг, багшийн
хөгжил зэрэгт хэзээ хэзээнээс илүү анхаарч ажиллах учир та бүгдээс ч
хариуцлага, чанар л нэхнэ хэмээгээд “Салбарынхаа он дамжсан бүтээн байгуулалтуудыг
энэ оныхоо эхний гурван улиралд багтаан дуусгаад, чанарын асуудалдаа илүү анхаарсны
дүнд ахицтай сайн зүйлс гарна гэж найдаж байна. Дараагийн удаад хийж бүтээсэн
зүйлсийг сайшаах, өшөө илүү хөгжих боломж бололцоог хайсан илүү ажил хэрэгч
уулзалтаар учрахын ерөөл тавья” хэмээсэн юм.
Уулзалтын төгсгөлд, аймгийн Засаг дарга Г.Батжаргал Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт нутаг орондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь, чанартай хийж дуусгах тал дээр хамтарч ажиллаарай гэж хүсээд, ажлын жагсаалт бүхий бичгийг гардуулан өгснөөр УИХ-ын даргын Баянхонгор аймгийн Төрийн албаны удирдах ажилтнуудтай хийсэн уулзалт өндөрлөлөө.