Нийлэг уутыг хэрэглээнээс хасч байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын нэгнээс эхлэн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээнд хэрэглэх, үйлдвэрлэж импортлохыг хориглох шийдвэр гарсан. Тиймээс дэлгүүр болон үйлчилгээний газрууд дээрх төрлийн уутыг ашиглахгүй байх талаар Баянхонгор сумын ЗДТГ-аас сургалт зохион байгууллаа.
Баянхонгор сумын худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох албаныхан нимгэн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар хэрэглэж худалдахыг хориглох тухай заалт болон зөрчлийн хуулийн талаар мэдээлэл өгсөн байна. Тус сургалт, мэдээллийн үйл ажиллагааг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд хувиараа аж ахуй эрхлэгч 60 гаруй иргэн оролцжээ.

Мөн үеэр аймгийн төвд даавуун тор үйлдвэрлэдэг цех болон оёдолчид бүтээгдэхүүнээ танилцуулан, борлуулалт хийсэн байна. Цаашид орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор худалдаа үйлдвэрлэл эрхлэгчидтэй Баянхонгор сумын ЗДТГ хамтран ажиллахаар болжээ.