Одоогийн байдлаар ЭЕШ-д 386 төгсөгч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-15 12:32:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий ерөнхий шалгалтад гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 386 төгсөгч бүртгүүлжээ.

Энэ жилээс эхлэн ЭЕШ-д монгол хэл, бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулахаар болсон бөгөөд эхнийх нь гуравдугаар сарын 23, дараагийнх дөрөвдүгээр сарын 20-нд улс даяар болно. Гуравдугаар сарын 23-нд болох шалгалтын бүртгэлийг хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 4-ний хооронд явуулж дуусчээ. Эхний шалгалтад бүртгүүлж амжаагүй төгсөгч дөрөвдүгээр сарын 20-нд авах шалгалтад бүртгүүлэх боломжтой юм. Харин ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Өмнөх оны төгсөгчид мөн адил дээр заасан хугацаанд бүртгүүлэх ёстой хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын Статистик, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхжаргал танилцууллаа. 

Энэ хичээлийн жилд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн өдрийн ангийн 510, дүйцсэн хөтөлбөрөөр 100, нийт 610 хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. 


Связанные новости