Экологийн сургагч багш нарыг бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эко сургалтад хамруулж, автобустай аялал зохион байгууллаа.
Сумын ЗДТГ энэ удаагийн сургалтыг АНУ-ын Мерси Кор байгууллагын эрүүл мэндийн сайн дурын ажилтан Луси Бэкертэй хамтран зохион байгуулсан бөгөөд сургуулиудын "Эко клуб"-ын сурагчдыг Экологийн боловсролын сургагч багшаар бэлтгэжээ. Сургалтад Баянхонгор аймаг дахь ЕБС-ийн Эко клубуудын 100 шахам сурагч хамарсан байна.
Экологийн боловсрол олгох сургалтад хамарсан дээрх сурагчид үе тэнгийнхэндээ байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадал хэвшилд хэрхэн суралцах, хог хаягдалтай хэрхэн харьцах, хүрээлэн буй орчны өнгө үзэмжид өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулах, хотын соёлыг төлөвшүүлэх зэрэг сэдвээр сургагч багш болох аж.
Танхимын сургалтын төгсгөлд сурагчдыг байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын бодит байдалтай танилцуулах зорилгоор автобустай аялал зохион байгуулжээ. Аяллаар сурагчид Баянхонгор аймгийн Байгалийн музей, Түүхэн дурсгалт зүйлс, цогцолборуудаар зочилж, хогийн төвлөрсөн цэгтэй танилцан, "Цэвэр хот" ОНӨ ХХК-ийн ажилчидтай уулзаж санал бодлоо хуваалцсан байна.