Бүртгэлтэй ажилгүйчүүд нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 0.8 хувиар өссөн байна.
Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнөөдрийн байдлаар 825 байгаа аж. Эдгээрийн нь урд жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Аймгийн хэмжээний нийт ажилгүйчүүдийн 50 гаруй хувь нь ерөнхий боловсролтой, 7 хувь гаруй нь тусгай дунд, 10 хувь нь мэргэжилтэй ажилчид, 20 гаруй хувь нь дээд боловсролтой хүмүүс эзлэж байгаа юм. Зөвхөн энэ сард л гэхэд шинээр 223 хүн ажил орохоор бүртгүүлээд байгаа ажээ.
Үйлдвэрлэлт буурч борлуулалт өсчээ
Оны эхний хоёр сарын байдлаар Сэлэнгэ аймгийн аж үйлдвэрийн салбар 17 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 37 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ үзүүлэлтийг урд онтой харьцуулахад нийт үйлдвэрлэлт 35.5 хувиар буурч, борлуулалт 56.6 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.8 хувь нь хүнс ундааны салбарт, 8.5 хувь нь уул уурхайн салбарт, 9.2 хувь нь барилгын материалын салбарт бүтээгдсэн аж. Сумдын жижиг дунд үйлдвэрүүд аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 2.9 хувьтай тэнцэх 502 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 538 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Хилээр зорчих урсгал нэмэгдэж байна
Монгол Улсын хойд хилээр зорчих монгол иргэдийн тоо жил ирэх тутам өсч байна.
Монгол Улсын хойд хил Алтанбулаг, Сүхбаатар боомтуудаар он гарсаар өнөөдрийн байдлаар 492 суудлын вагон, 16185 ачааны вагон, 670 зүтгүүрийн вагон, 32460 суудлын автомашин, 9657 ачааны автомашин, 917 автобус, 562 мотоцикль дамжин өнгөрчээ. Тэгвэл тус боомтуудаар дамжин Монголын 122810, гадаадын 8713 иргэн хилээр зорчсон байна. Энэхүү хилийн орох гарах урсгалыг урд оны мөн үетэй харьцуулахад хилээр орсон гарсан мотоцикль 93.6 дахин, суудлын автомашин 37.8 хувиар, ачааны автомашин 28,6 хувиар, зүтгүүрийн вагон 6.7 хувиар, монгол иргэдийн тоо 8,6 хувиар нэмэгдсэнийг харуулж байгаа ажээ.
Газар өмчлөх 740 гэрээ шинээр бүртгэгдлээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 94 иргэн газар өмчлөх болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхээ баталгаажуулсан байна.
Мөн аймгийн хэмжээнд нийт 740 ширхэг газар өмчлөх болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрхийн гэрээ бүртгэгдсэн байна. Түүнчлэн иргэд болон аж ахуйн нэгжүүдийн нийт 99 гэрчилгээ банкны барьцаанд бүртгэлтэй байгаагийн 89 гэрчилгээ нь иргэн, 10 гэрчилгээ нь аж ахуйн нэгжийх байгаа ажээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг