ЖДҮ, бизнес эрхлэгч нар мэдлэг мэдээллээ дээшлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Данийн Иргэний нийгмийн байгууллагуудын холбооны санхүүжилтээр “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ, Дани-Монголын Нийгэмлэг “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлнэ. Тус төслийн хүрээнд Баянхонгор аймагт Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын мастер багш ЖДҮ, бизнес эрхлэгч нарт ирэх сарын 3-12-ны өдөр “Бизнесээ эхэл”, “Бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн сургалт зохион байгуулахаар болжээ.
Хөтөлбөрийн сургалтад хамарсанаар ЖДҮ, бизнес эрхлэхэд шаардлагатай суурь мэдлэгтэй болж, бизнес төсөл, техник-эдийн засгийн үндэслэлээ бие дааж боловсруулах чадвартай болох юм. Мөн бизнес эрхлэхийн тулд зайлшгүй эзэмшсэн байвал зохих долоон дадлага чадварыг иж бүрнээр эзэмшиж, бизнес эрхлэгчид өөрийн бизнесээ зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлд аливаа эрсдэлээс сэргийлэн хамгаалж, ашиг орлоготой бизнесийг тогтвортой эрхлэх боломжийн талаар суралцах аж.
Сургалтын төлбөрийн 80 гаруй хувийг тус төслөөс хөнгөлж, суралцагчаас 120 мянган төгрөгийн төлбөр шаардагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-аас авна.