Мөс цөмрөх үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-25 17:39:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумаас Шаргалжуут баг руу зорчиж явсан иргэн И-гийн эзэмшлийн СиАрВи загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ “Шаргалжуутын гол”-ын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага аймгийн ОБГ-т өчигдөр /2019.03.24/ 03:00 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн дарга, дэслэгч Д.Даваасүрэнгээр ахлуулсан дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 25 км замыг туулан 04:20 цагт очиж, 20 минут ажиллаж автомашиныг татан гаргасан байна.
Одоогоор томоохон голууд битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч мөсний зузаан багасч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг албаныхан санууллаа. Иймд ард иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, хаврын шар усны үерийн аюулаас сэргийлэхийг аймгийн ОБГ-аас анхааруулав.
Мөн ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Связанные новости