Гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52 хэргээр буюу 75,3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-30 18:44:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зорилгоор хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр хийдэг уламжлалтай. Энэ жилийн хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөлгөөнийг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан зохион байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга М.Оюунбат зөвлөлгөөнд хэлсэн үгэндээ, аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиар заагдсан үүргээ хуулийн байгууллагынхан сайн гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг, захиргааны зөрчил ихэсч байгаад анхаарах нь зүйтэй гэв.

Тус аймгийн хэмжээнд энэ он гарсаар 121 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 52 хэргээр буюу 75,3 хувиар өссөн байна. Баян-Агт, Гурванбулаг, Сайхан зэрэг найман сум, тосгонд гэмт хэргийн гаралт нэмэгдсэн аж.

Зөвлөгөөнд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, эрүүгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Нэгдсэн зөвлөгөөнөөс аймгийн хэмжээнд энэ жил хамтран зохион байгуулах ажлаа төлөвлөн, зөвлөмж гаргаж хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Связанные новости