Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км авто зам тавих судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-02 22:51:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 270 км шулуун зам,  хурдны галт тэрэг тавих талаар судалгаа хийж эхэлжээ.

Тодруулбал, Улаанбаатараас Эрдэнэт хүртэл нийт 370 км байдаг бөгөөд Дархан-Уул аймгаар дамжин өнгөрөхгүй бол 100 км-ээр багасах боломжтой юм. Иймд Улаанбаатараас Орхон аймаг руу шууд зорчих зам тавьж үүнийг дагаад хурдны галт тэрэг, 50-60 км тутамд 150-200 мянган хүн амтай жижиг хот, суурин газар бий болно гэж тооцжээ. Ингэснээр Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах давуу талтай гэнэ. Тиймээс тус байгууллага дээрх асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы зам, гүүр, хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг “Шин Тай” групп-ын удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтын үеэр 150-200 мянган хүн амтай жижиг хотын төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр судалгаа хийх, Орхон аймагт барьж байгаа “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилд хамтрах санал тавьжээ.

“Шин Тай” групп нь ӨМӨЗО-ы Ордос хотын нийт барилгын 80 хувийг, 40 мянган хүний суудалтай дөрвөн цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулсан туршлагатай ажээ. Иймд дээрх группын удирдлагуудыг ирэх сард Орхон аймагт зочлохыг урьж авто зам, цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг танилцуулах гэнэ.

 

 

Связанные новости