Далд хэлбэрийн сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-07-03 16:52:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон аймгийн нэгээр Орхон аймаг бүртгэгддэг.

Уг өвчлөлийг бууруулахын тулд далд хэлбэрийн сүрьеэг эрт илрүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлж иргэдэд эрүүл мэндийн мэдлэг олгох нь чухал юм. Иймд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийнхан Орхон аймагт ажиллах санал тавьжээ.

Орхон аймгийн хэмжээнд он гарсаар сүрьеэгийн 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд жилд 4000 гаруй шинэ тохиолдол илэрч, түүний 70 гаруй хувийг 16-45 насныхан эзэлж байна.

ДЭМБ-аас Номхон далайн бүсийн 37 оронд явуулсан судалгаагаар сүрьеэгийн тархалт өндөртэй долоон орны тоонд Монгол улс багтсан байна. Газар нутаг бага, хүн амын төвлөрөл их, түр оршин суугч болон дайран өнгөрөгч олонтой газарт энэ төрлийн өвчлөл их байх магадлалтайг  салбарынхан хэлж байна.

Мөн ажилгүйдэл, архидалт, хүн амын амьжиргааны түвшин, орчны нөхцөл байдал, хоол хүнс, хүмүүсийн амьдралын хэв маяг нь өвчлөлд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс 14-өөс дээш хоногоор ханиалгах, халуурах, ядрах, хөлрөх, биеийн жин буурах, цустай цэр гарсан тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө.

Связанные новости