Тохижилт үйлчилгээний нэг ажилтан үндсэн нормоос хоёр дахин их талбайг цэвэрлэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төвийн
хэмжээнд 45 мянган м.кв явган хүний зам, гурван тойрог бүхий 29 км авто
зам, 4700 м.кв автомашины зогсоол байна. Гэтэл эдгээр зам талбайн цэвэрлэгээ,
арчилгааг хийдэг хүн ердөө ес байдаг. Нэг үгээр хэлбэл нэг үйлчлэгчид ноогдох
хэмжээ үндсэн нормоос хоёр дахин их байна.
Аймгийн төвийн зам талбайн цэвэрлэгээ арчилгааг есөн үйлчлэгч, нэг жолооч, нэг автомашинтайгаар хариуцан гүйцэтгэдэг. Нэг үйлчлэгчид 14-15 мянган м.кв талбай ноогддог бөгөөд энэ нь үндсэн нормоос хоёр дахин их байдаг байна.
Сүхбаатр аймгийн төв Баруун-Урт
суманд жилээс жилд авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай нэмэгдэж байна. Энэ онд
дөрөвдүгээр тойргийн замын хучилтын ажил эхэлсэн. Ирэх хавраас ашиглаж
эхэлнэ. Үүнийгээ дагаад явган хүний зам, авто машины зогсоолууд нэмэгдэнэ. Тэгэхээр
манай ажилчдын ачаалал дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс үйлчлэгч нэмж авах,
цаашлаад хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх
шаардлага зайлшгүй тулгарч байгааг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга
Х.Баатарсүх хэлж байна.