Залилангийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-10 11:54:56

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учрах хохирлын хэмжээ өссөөр байна. Тус аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилд залилах төрлийн гэмт хэрэг тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Залилах гэмт хэрэг 2017 онд 13, 2018 онд 29, 2019 онд 43 бүртгэгдэж, тогтмол өссөн байна.

Цахим сүлжээн дэх залилангийн хэргүүд голлох бөгөөд  мал, махны ченж нарыг утсаар залилж 2-40 хүртэлх сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, өдгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Цахим орчинд бусдад мөнгө болон ажлын байр, бараа эд материал амлах, пирамид хэлбэртэй бизнесийн сүлжээнд элсэхийг санал болгох, бусдад мөнгө зээлүүлэх зэрэгт сайтар няхуур хандаж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас анхааруулав.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээнд жилдээ 600 бүртгэгдэж байсан бол 2019 онд 4600 болж огцом өссөн нь цахим сүлжээний хяналтгүй хэрэглээтэй холбоотой. Тиймээс Монгол банк болон ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал” аяныг улс даяар эхлүүлсэн. Уг аян Сүхбаатар аймагт ч амжилттай өрнөж, холбогдох газруудаас нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байгаа юм.

 

Связанные новости