Жолооны дамжаануудыг чанартай жолооч бэлтгэхэд анхаарч ажиллахыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт жилд дунджаар 300 орчим жолооч шинээр бэлтгэгддэг. Жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг хангалтгүй байдаг нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болдог байна. Тиймээс аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас жолооны дамжааны удирдлагуудтай уулзаж, чанартай жолооч бэлтгэхийг сануулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус аймгийн хэмжээнд
жолооч бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг долоон жолооны дамжаа бий. Замын цагдаагийн
тасгийн зүгээс эдгээр дамжаануудын сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургалтад
ашиглаж буй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.
Шалгалтаар жолооны дамжаануудын ашиглаж буй сургалтын тээврийн хэрэгслүүдэд хэд хэдэн төрлийн зөрчил илэрсэн. Тиймээс зөрчил арилгуулах албан зөвлөмжийг замын цагдаагийн тасгаас хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Нөгөө талаар 2020 онд манай аймагт аттестатчилсан шалгалт хийнэ. Үүгээр шаардлага хангахгүй дамжааны үйл ажиллагааг хаах учир энэ том шалгалтын өмнөх бэлтгэл ажлыг давхар хангуулж байна гэж ойлгож болно. Хамгийн гол нь бидний зүгээс эдгээр дамжаанууд мэргэжлийн, сайн жолооч бэлтгэхийг л шаардаж байгаа юм. Хуучин, жолооны дамжаа төгсөгчид шалгалтаа цаасаар өгдөг байхад ямар нэгэн байдлаар бүгд тэнцэж үнэмлэхээ авчихдаг байсан. Энэ нь нөгөө чанаргүй, мэдлэггүй жолооч бэлтгэх нэг шалтгаан болдог байсан. Харин сүүлийн үед шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлснээр энэ асуудал үгүй болж, тухайн суралцагч заавал өөрийн биеэр байхаас гадна, хэдэн ч удаа хамаагүй шалгалтаа өгөн, тэнцсэн тохиолдолд үнэмлэхээ авдаг болсон. Тиймээс бидний зүгээс жолооны дамжаануудыг замын хөдөлгөөний дүрмийг маш сайн эзэмшүүлэх шаардлагыг л тавьж байгаа юм гэж Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадорж ярилаа.
Харин “Хос мөр” жолооны дамжааны багш Ц.Гантөмөр хэлэхдээ, манайх 2012 оноос хойш Сүхбаатар аймагт сургалтаа явуулж байгаа. Хамгийн гол нь жолооны дамжаанууд нэгдсэн сургалтын байргүй нь хамгийн том бэрхшээл байдаг. Нөгөө талаар сургалтын тээврийн хэрэгслүүд ихэнх нь олон жил ашиглагдсан учир суралцагчдын болоод мэргэжлийн байгууллагуудын шаардлагад нийцдэггүй. Бензин шатахууны үнэ жил ирэх тусам нэмэгдэж байна. Гэвч сүүлийн 20 гаруй жил улсын хэмжээнд жолооны дамжааны сургалтын үнэ нэг хэвийн байгаа нь бидэнд материаллаг баазаа бэхжүүлэх ямар ч боломжийг олгодоггүй. Бид бор зүрхээрээ өдийг хүртэл явж байгаа. Гэхдээ мэдээж цагдаагийн байгууллагын хэлж ярьж байгааг дэмжиж байна. Цаашид хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэлээ.
Уулзалтаар талууд
санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлсон.
Сургалтын үйл ажиллагаагаа сайжруулахаас гадна жолооч нарт хэрэгтэй замын
хөдөлгөөний дүрмийн болоод бусад сургалт мэдээллүүдийг хамтран хийхээр ярилцсан
юм.