Сүхбаатар аймагт 19,9 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-13 13:45:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 0-18 насны 23400 орчим хүүхэд бий. Үүний 85 хувь буюу 19890 хүүхэд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэж хүүхдийн мөнгөн тэтгэлэгт хамрагдаж байна.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны үр дүнд 670-аас дээш оноотой өрхийн хүүхдэд уг мөнгөн тэтгэмжийг олгохгүй байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны 96 тоот тогтоолоор хүүхэд бүр энэ тэтгэмжийг авах нөхцөл бүрдсэн юм.

2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд Сүхбаатар аймгийн нийт өрхийн 87 хувь нь хамрагдсан байдаг. Тэгвэл судалгаанд хамрагдаагүй ч хүүхдийн мөнгөн тэтгэмж авах сонирхолтой иргэд аймгийн ХХҮГ-т хүсэлтээ гаргаж, мөн банкин дахь дансны баталгаажуулалтаа хийлгэх шаардлагатай. Ингэснээр хүүхэд бүр мөнгөн тэтгэмжээ авах боломжтой болно. Ер нь энэ талаарх иргэдийн мэдээлэл маш сайн байна. Үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхдийн мөнгөний асуудлаар ирж байна гэж аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Т.Алтаннавч хэллээ.

Хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийн тэтгэмжээр амьдралаа залгуулдаг хэсэг өрх байхад, нөгөө хэсэг нь хүүхдийнхээ ирээдүйд зориулж хуримтлуулдаг. Сүхбаатар  аймгийн хувьд ингэж хуримтлал үүсгэх тохиолдол элбэг болсныг Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр онцлов. 

Связанные новости