Сурагчдын давтлагын хамрагдалт 96 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-22 21:25:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жил дуусах дөхөж, улс орон даяар ЭЕШ-ын бэлтгэл ажил өрнөж байна.12 дугаар анги төгсөгчид өнгөрсөн долоо хоногоос ЭЕШ-ын давтлагаа харъяа сургуулиуд дээрээ авч эхэлсэн. Тус аймгийн хэмжээнд давтлагын хамрагдалт маш сайн буюу 96 хувьтай байна гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээллээ.

Ингэхдээ сургуулиуд нэг ангид арваас дээш хүүхэд оруулахгүй байгаа бөгөөд эрүүл ахуй, ариутгал, халдварын дэглэмийг чанга баримталж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна.

Харин сурагчид давтлагаас гадна бие даасан онлайн сургалтад хамрагдах, ТВ хичээлээ тогтмол үзэж судлах зэргээр ЭЕШ-ын бэлтгэлээ хангаж байна.

Тус аймгийн хэмжээнд энэ жил есдүгээр ангийг 810, 12 дугаар ангийг 600 орчим хүүхэд төгсөж байна. Харин ЭЕШ өгөхөөр 550 гаруй хүүхэд бүртгүүлжээ. 

Связанные новости