Цор ганц "Дарьганга өв" мөнгөн цом
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойд зориулан урласан уг бүтээл нь зургаан иж бүрдлээс бүрдсэн үзмэр юм. Цор ганц хувь бүтээсэн “Дарьганга өв” мөнгөн цомыг Залуу дархан Г.Эрдэмбэлэг ур ухаанаа шингээн бүтээжээ. Сүхбаатар аймгийн бүх онцлогийг өөртөө багтаасан энэхүү үзмэр нь өдгөө аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.
Судрын шогол
Үүлэн хээ урласан мөнгөн дөрвөн хөлтэй ширээ хэлбэртэй хайрцаг. Дөрвөн талдаа
хоёр, хоёр нийт 8 ширхэг найман тахил болон нэг талдаа 3 ширхэг нийт 12 ширхэг
шүрийг цэцгэн дэлбээнд суулган чимэглэсэн. Мөн тагны голд хийморийн морийг
мөнгөөр урлан төгсөшгүй үргэлжлэх түмэннаст хээгээр тойруулан урлаж эрдэнийн найман шигтгээ суулгасан. Тагны дөрвөн буланг мөнгөлж
бүрсэн, дээд талд нь цэцгэн хээн дээр оюу шигтгээ суулгаж чимэглэсэн Судрын
шоголын дотор талд “Өнөөдрийн бүтээл Ирээдүйн өв соёл”
Эрхэмлэн дээдлэх өв соёл юугаа бэлгэдэн
Эрдэнийн дээд есөн эрдэнийн чимэгтэй
Манлайн дээд алтан суваргын дүрт уран гоёмсог цомоо
Мөнхөд бадрах гал мэт дүрэлзэх бэлгэдэл болгон
Оюуны дээд номын зандан шоголд мөнхлөн суурилуулж
Эрдэнэсийн сангийн их өргөөнийхөө хойморт ихэд
эрхэмлэн залвай гэсэн бичвэрийг шар өнгийн гялтгар цаасан дээр хэвлүүлэн наажээ.
Мөнгөн дөш
12 ширхэг шүрэн шигтгээтэй. Цэцэг навчин угалзат хээтэй, дөрвөн талд нь Алтан овоо, Шилийн богд, Дархан хаан, Зотол хаан гэсэн дөрвөн
шүтлэгт уулыг дүрсэлсэн. Зэс бүслүүртэй ган толин дээр Сүхбаатар аймгийн газрын зургийг
мөнгөөр дүрслэн бүтээж дээр нь монгол бичгээр 70 гэсэн тоон бичвэртэй.
Тулга
Есөн эрдэнэ
шигтгээтэй гурван хөлт, гурван бүслүүрт мөнгөн тулга. Өлзий болон ханан сүлжээн
хээн чимэглэлтэй.
Гал эрдэнэ
Тулганы голд байрлахаар бадамлянхуа цэцгийн 10 ширхэг дэлбээн дээр асаж буй
галыг мөнгөөр урлажээ.
Мөнгөн аяга
Үндсэн тагшийг мөнгөөр бүрсэн. Ханан хээтэй, амсрыг нь битүү дарсан. Ёроолдоо
эрдэнийн зүйлээр бөөлжиж буй ам цагаан хулганын дүрстэй.
Бортогон хэлбэртэй хорол тооно дээр музейн логог суурилуулсан гэрийн загвараар хийсэн цомын дог. Гэр хэлбэрийн дээвэр хэсэгт дөрвөн цагийг бэлгэдсэн дөрвөн ширхэг хун шувуу тойрон байрлуулж, хас үүдтэй ханан хээгээр тойрон сүлжсэн байна. Газар дэлхийг бэлгэдэж ногоон өнгийн найман ширхэг оюу шигтгээгээр чимэглэн, цэцэг навчин хээгээр чимэглэсэн байна.