Аадар борооны улмаас хоёр суманд 250 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас 06 дугаар сарын 23, 24-нд
орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас үүссэн хохирлыг танилцууллаа. Цаг агаарын
тус үзэгдлийг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж байгаа бөгөөд нийт хоёр суманд
250 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ.
Тодруулбал, Түвшинширээ
суманд 3058 толгой мал хорогдож, хоёр айл орон гэргүй болж нийт 227 сая
төгрөгийн хохирол, Эрдэнэцагаан суманд 170 толгой мал хорогдож, 18 айлын гэр
үерт автсанаас зургаа нь дахин ашиглах боломжгүй болж 25 сая төгрөг нийт
250 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна.
Гамшгийн улмаас орон
гэргүй болсон найман өрхөд аймгийн Онцгой комиссоос гэр олгохоор болсон бол малын
хохирлыг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэж, барагдуулах юм байна.
Харин 07 дугаар сарын 04-нд орсон борооны улмаас
Эрдэнэцагаан сумын Чоно гол үерлэж, улмаар гурван иргэн золгүй тохиолдлоор амь
насаа алджээ.