Дэглэм зөрчсөн долоон зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-09 11:20:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газар “Covid-19” халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэм зөрчсөн хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага тооцжээ.

Цагдаагийн байгууллагад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед буюу энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 95 гомдол мэдээлэл бүртгэгдэж, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан 34 хүнийг шүүхээр баривчлуулж, 61 хүнд торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

-Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн долоон зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.13-т зааснаар таван хүнийг тус бүр 500,0 мянга, аж ахуйн нэгжийг 5,0 сая төгрөгөөр торгож, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийтгэл оногдууллаа гэж аймгийн Цагдаагийн газрын нйитийн хэв журам хамгаалах тасгийн  ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Мөнхзул мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд энэ онд зөрчлийн шинжтэй 1962 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс Зөрчлийн тухай хуулиар 408 хүнд баривчлах, 1349 хүнд торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Связанные новости