Баяннуур сум 173,0 мянган толгой мал өвөлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-17 16:18:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур суманд 173,0 мянган толгой мал өвөлжүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Тус сумын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн, энэ жилийн өвлийн эхэн сард цас ахиу унасан зэргээс зудын их эрсдэлтэй бүсэд тооцогджээ.

- Уулархаг газраар цас нэмүү орсон. Цас нэмж орвол өвөлжилт тавгүй болж магадгүй байна. Энэ жил зуншлага гайгүй ч газрын гарц тааруу, гадны отрын мал оройтож нүүн, өвөлжөө, хаваржааны бэлчээр нутгаар нүүдэл их хийж нөөц бэлчээр талхалсан. Одоо өвлийн отор нүүдэл орж ирж байгаа. Малын тэжээл олдоц муу, өртөг өндөртэй байгаа зэрэг нь мал аж ахуйн өвөлжилтийн байдалд нөлөөлж болзошгүй байна гэж сумын Засаг дарга Л.Одончимэг ярилаа. Баяннуур суманд өөр аймгийн есөн өрхийн малчид 5,6 мянган малтайгаа өвөлжихөөр орж ирээд байгаа аж. Тэднийг орон нутагтаа ашиглахгүй байгаа бэлчээр рүү буулгах чиглэл өгсөн байна. Аймгийн хэмжээнд гадны аймгийн отор нүүдлийг зохицуулах арга хэмжээ авах талаар сумын удирдлага санал тавиад байна.

Связанные новости