Завханд томуугийн дэгдэлт бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-06 20:01:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт томуу, томуу төст өвчний гаралт харьцангуй бага байгаа талаарх мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас өглөө.

Өнгөрсөн жил аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Хүүхдийн эмч зөвлөж байна” шууд утас ажиллуулж нийт 1260 гаруй дуудлагад зөвлөгөө өгчээ. Энэхүү утсаар дамжуулан иргэд, эцэг эхчүүд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаарх зөвлөгөөг авсан байна. Шууд утас өдөр бүр 9:00-22:00 цаг хүртэл иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Хүүхдийн тасгаар энэ жил 400 орчим хүүхэд зөвлөгөө авч эмчлүүлжээ. Хэвтэн эмчлүүлэх тасгийн ачаалал үе үе ихэсдэг ч өвчтөн хүндэрсэн тохиолдол гараагүй байна. Харин өдрөөр үзэх эмчийн ачаалал их байдаг. Тиймээс утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг энэ жил дахин ажиллуулна. Ханиад томуу улирлын чанартай өвчин. Яг энэ үед дэгдэлт нь нэмэгддэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил COVID-19 цар тахлын хөл хориог маш сайн хийснээр томуугийн дэгдэлт бага байлаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогссонтой холбоотой ханиад томуугийн дуудлага маш бага. Дэгдэлт харьцангуй бага байна. Цар тахалтай холбоотойгоор бага насны хүүхдүүд ихэвчлэн гэртээ, олон нийтийн газраар явахгүй. Иргэд гэртээ дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ нэмж, халдвар авах, эрсдэлд орохгүй байх талаарх зөвлөгөө, зааврыг мөрдөж буй нь томуугийн дэгдэлтийг багасгаж буй эерэг шалтгаан юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг ч эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмнэлгүүд, сайн авч хэрэгжүүлж байгаатай холбоотой юм хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгаас мэдээлэв.

Связанные новости