Төрийн байгууллагуудад 10 гаруй мянган өргөдөл, санал, гомдол иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-09 10:39:59

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, улсын аварга малчин өрх, алтан төлийн эзэн шагналд тодорхойлогдсон малчдыг тодруулж холбогдох газруудад нь уламжлахаар боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

-“Энэ оны аймгийн Засаг даргын зөвлөлийн анхны хурал болж дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал аймгийн ЗДТГ-т ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2020 оны жилийн эцсийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Мөн улсын аварга малчин өрх, улсын тэргүүний тариаланчийн шалгаруулалтад оролцохоор аймгаас нэр дэвшиж буй малчдын нэрсийг тодрууллаа. МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ”.

 

Засгийн газрын албан даалгавар 95 хувьтай хэрэгжжээ

-“Тус аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудад 2020 онд нийт 10851 өргөдөл, санал, гомдол ирснийг 97.9 хувьтай шийдвэрлэсэн байна.

Эдгээр өргөдөл, санал, гомдол нь цалин тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн халамж, газрын маргаан, тусгай зөвшөөрөлтэй холбоотой байв.

Тиймээс аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал цаашид ард иргэдээс ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бодитой, үр дүнтэй байхад илүү анхаарах хэрэгтэй. Төрийн байгууллага, төрийн албан хаагчидтай холбоотой санал хүсэлтийг тусгай утсаар тогтмол авч ажиллах чиглэлийг өглөө. Харин хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны жилийн эцсийн байдлаар авч үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 100 хувь хэрэгжсэн байна.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 90 хувь, Засгийн газрын албан даалгавар 95.1 хувь, Засгийн газрын тогтоол 99 хувь, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 95.3  хувьтай тус тус хэрэгжсэн байна гэж тус хурлаар дүгнэжээ. Тиймээс аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид хэрэгжилт хангалтгүй байгаа тогтоол, шийдвэрийн биелэлтэд анхаарах. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж буй баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах, гишүүдийг илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо” гэв.

Улсын аварга малчинд таван малчны нэрийг уламжилжээ

-“Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нэг чухал асуудал бол улсын аварга малчин, тариаланчдад нэр дэвшигчдийг тодруулж, уламжлах асуудал байв.

Ийнхүү Улсын аварга малчин өрхөд Сантмаргаз сумын малчин Н.Гүрдорж, Яруу сумын малчин Б.Бадар, Их-Уул сумын малчин Ц.Мягмарсүрэн, Завханмандал сумын малчин Б.Санж, Дөрвөлжин сумын малчин Н.Балжинням нарын нэрийг дэвшүүлж уламжлахаар боллоо.

Харин МҮОНРТ-ийн “Алтан төлийн эзэн” шагналд Цэцэн-Уул сумын малчин П.Санрав, Түдэвтэй сумын малчин М.Дандарбаатар, Нөмрөг сумын малчин Д.Дашдондов, Цагаанхайрхан сумын малчин Ж.Бизъяа, Идэр сумын малчин Д.Мөнхтогтох, Яруу сумын малчин Б.Банзар, Сонгино сумын малчин Ж.Оргодол нарын нарыг дэвшүүлж аймгаасаа уламжлахаар боллоо. Мөн Улсын аварга тариаланчид Улиастай сумын тариаланч Д.Цагаанхүүгийн нэрийг холбогдох албаныханд уламжлахаар шийдвэрлэв.  

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид дээрх шагналуудад шалгуур үзүүлэлтүүдийг аймгийн ИТХ-аар оруулж өөрчлөх. Нэр дэвшигчдийн материалыг хугацаанд нь ирүүлдэггүй сумдад анхаарч ажиллах хэрэгтэй. Аварга малчид шалгуур үзүүлэлтүүдийг маш сайн хангасан байхаас гадна нутгийн иргэддээ зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй малчин байх шаардлагатайг энэ хурлаар онцоллоо” гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.

Связанные новости