Шинжилгээний хариу хүн мал амьтанд сөрөг нөлөөгүй гэж гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-13 20:28:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж өнгөрсөн оны 12 дугаар сард үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан уул уурхайн компанийн шинжилгээний талаарх дүгнэлтийг хэлэлцлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

-Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын ээлжит хурлаар 9 асуудлыг хэлэлцлээ. Үүний нэг нь “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ний 2020 оны 12 сарын 11-ний өдөр цианит натритай уусмал алдсантай холбоотойгоор Улаанбаатар хот дахь төв лабораториуд руу илгээсэн шинжилгээний хариуг танилцуулсан мэдээлэл байв.

Энэхүү мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж танилцууллаа. Мөн тус компанийн үйл ажиллагаа, өмнө нь гаргаж байсан ослууд, авсан арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ний шинжилгээний хариунууд нь хүн ам, амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж гарсан байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр гаргасан зөрчлөө хоёр сарын хугацаанд арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь дахин сэргээдэг. Яг өнөөдрийн байдлаар өмнөх шийдвэрийн дагуу тухайн компанийн үйл ажиллагааг сэргээх хугацаа болоогүй байна. Цианит алдсан гэх асуудал өнөөдөр цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж аймгийн МХГ-ын дарга А.Даваадорж мэдээллээ. Удаа дараа химийн бодистой уусмал алдаж буй тус компанийн талаар аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өөрийн байр сууриа илэрхийлж, шуурхай штабын гишүүд саналаа хэллээ. Аймгийн Засаг дарга хэлэхдээ: -“Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцана. Дахин хяналт шалгалтыг газар дээр нь очиж үзэж хяналт хийнэ. Мөн тухайн компанитай хариуцлагын гэрээг байгуулах нь зүйтэй” гэв. Мөн үеэр “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн зүгээс мэдээлэл хийлээ.



Гэрийн тусгаарлалтыг долоо хоног болгожээ

Энэ удаагийн Шуурхай штабын хурлаас Улаанбаатар хотоос гарах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, иргэдийг Завхан аймаг руу шууд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн архи, согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглоно. Их-Уул сумын хяналтын постын үйл ажиллагааг чангатгана. Зөвхөн Завхан аймгийн үндсэн харьяалалтай, PCR шинжилгээний хариутай иргэдийг нэвтрүүлнэ. Хулгайн замаар зорчсон иргэдэд хатуу хариуцлага тооцно. Гэрийн тусгаарлалтын хугацаа долоо хоног байна. Ачаа тээврийн жолооч нар хамгаалах хувцас хэрэглэлтэй байх. Ачаа тээвэр, ялангуяа хүнсний тээврийн автомашинуудыг өглөөний 09:00 цагаас хойш хяналтын постоор нэвтрүүлж хүн тээвэрлэсэн эсэхэд хяналт тавьж ажиллана. Буяны ажлаар ирж буй тээврийн хэрэгсэл дээд тал нь таван зорчигчтой байна гэсэн шийдвэрүүдийг гаргалаа гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. 

Связанные новости