Соёлын төвүүдийг анхаарахгүй бол мөхөхөд ойрхон байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-06 16:09:51

Соёлын өв хамгаалах, сумдын соёлын төв, дүүргийн соёлын ордны үйл ажиллагаа болон  тулгамдаж буй асуудал, хэтийн зорилтоо тодорхойлохоор 21 аймгийн 330 сумын соёлын төвийн эрхлэгч ДБЭТ-т чуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганыг БСШУЯ-ны Соёлын Бодлогыг Зохицуулах Газрын дарга ноён Д.Гантөмөр нээж үг хэлсэн юм.

 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас зохион байгуулж буй уг чуулганаар соёлын төвийн эрхлэгч нар туршлага хуваалцаж, нийслэлийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аж.

Тус чуулганыг ДБЭТ, УДЭТ, Улсын филармонийн морин хуурын чуулга, СУИС-ийн Соёлын сургуулийн багш нар удирдан явуулж байна. Тэд Орон нутагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Соёлын төвийн гүйцэтгэх үүрэг оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Архангай аймгийн Чулуут сумын соёлын төвийн эрхлэгч Б.Цэрэнбумуу ярихдаа: “Хөдөө орон нутгийн хувьд боловсон хүчний асуудал хүнд.  Шинэ боловсон хүчин төв суурин  бараадаж хөдөө ирж ажиллах нь ховор. 1950, 1960  оны барилгыг засаад ч мөөгөнцөрөөс нь салгаж чадахгүй сууна. Яг үнэндээ спорт заалыг  урлагийн арга хэмжээнд ашиглаж байна. Ийм хүнд нөхцөлд бид ажилладаг. Урлагт дуртайдаа холдож чадахгүй юм. Үнэхээр энэ салбар орхигдсон. Ийм үед салбарын асуудлыг хэлэлцэхээр чуулган зохион байгуулсан нь цаг үеэ олжээ. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгож орхигдсон соёлын төвүүдээ улс өөд нь татах хэрэгтэй. Соёлоор дамжуулж хүүхэд залуусыг хүмүүжүүлдэг учраас  хүн бүхэн анхаарах ёстой” гэлээ.

 Ийнхүү сумдын соёлын төвийн эрхлэгчид соёлын салбартаа анхаарахгүй бол мөхөхөд тун ойрхон байна гэдэгт санал нэгдлээ. Маргаашийн чуулганаар тэд соёлын салбарын хэтийн төлвийн талаар хэлэлцэх юм байна.  

Г.Уранчимэг

Связанные новости