Тоорой мод Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын брэнд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2016-06-08 08:28:51

Өвөрхангай аймгийн Богд сумын Арц Богдын нуруунд нэг га орчим талбай эзлэн ургадаг Тоорой модыг хамгаалах зорилгоор аймгийн ХАҮТ-аас 100 гаруй бизнес эрхлэгчдийн хамт аялал хэлбэрээр ажиллаж хашаажуулаад иржээ.

Тоорой мод ургаж буй газар нь Өвөрхангай аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дөрвөн бүсийн нэг бөгөөд Өөш шахлаг, Сэрвэнгийн агуй, Хангарьдын боргио, Чингис хааны өвөлжөө, анх хүн үүссэн газар, үлэг гүрвэлийн ясыг олсон газар гээд түүхийн дурсгалыг өгүүлсэн байгалийн үзэсгэлэнт хэсэг юм.

Тоорой модыг хамгаалах ажил нь түүнийг Өвөрхангайн аялал жуулчлалын томоохон брэнд бүтээгдэхүүн болгох зорилго агуулж байгаа ба гадаад, дотоодын зорчигчид энд ирснээр урт настай модыг үзэх төдийгүй түүхийн дурсгалт газруудаар аялах боломжтой гэдгийг аймгийн ХАҮТ-ын дарга Н.Золзаяа хэлж байв.    

Дэлхийн Улаан номонд орсон, 1000 жилийн настай Тоорой мод Монгол Улсын хэмжээнд 100 хүрэхгүй цөөхөн байдгаас 42 нь Өвөрхангай аймгийн Богд суманд ургадаг аж.

Газар дор үндэслэхдээ 500 жилийг өнгөрүүлж, газрын хөрсөн дээр 500 жил насладаг гэх уг модыг соёолж эхлэнгүүт говийн мал сүрэг идчихдэг учраас өсч чаддаггүй гэнэ. Тиймээс Өвөрхангай аймагт хэрэгжиж буй Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн “Орон нутгийн цогц хөгжил” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн болон төрийн бус байгууллагын уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 4 талт түншлэлийн зөвлөлөөс Тоорой модыг хамгаалах ажлыг хэрэгжүүлээд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Связанные новости