Судалгаагаар сурагчдын 40 орчим хувь нь хичээлийн хоцрогдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-26 17:53:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга хичээлийн хоцрогдол ихтэй болон малчдын хүүхдүүдийг танхимын сургалтад түлхүү хамруулах чиглэл өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“ Монгол Улсын Засгийн газрын хоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс танхимаар болон цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газраас 24 сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлагуудтай онлайнаар хурал хийж хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаад байна. Энэ үеэр “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хичээл-үйл ажиллагаа эхлүүлэх бэлэн байдлыг хангах нь” сэдэвт цахим сургалтыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Сургалт, цахим уулзалтад аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож цаг үеийн мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Судалгаагаар Завхан аймгийн нийт сурагчдын 40 орчим хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Иймд гуравдугаар сарын 1-ний өдрөөс орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эхний ээлжид хоцрогдол ихтэй сурагчид болон малчдын хүүхдүүдийг сургалтад хамруулах. Тухайлбал нэг, хоёр, тав, 9, 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтыг түлхүү чиглүүлж, орон нутгийнхаа онцлогт тохирсон хэлбэрээр хичээлийг явуулах хэрэгтэй. Мөн томуу, томуу төст өвчний улирал дуусаагүй тул сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн удирдлагууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах. Хичээл сургалтын үйл ажиллагааг явуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хүүхэд танхимын хичээлд хамрагдах боломжгүй тул цахимаар хичээлдээ оролцох боломжийг олгох. Бүх сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэдгийг сайтар анхаарч ажиллахыг тус тус чиглэл болголоо”.


Голомтот бүсээс ирэх иргэдэд илүү хяналт тавина


Завхан аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 1-ний өдөр хот хоорондын хөдөлгөөнийг нээж буйтай холбоотой Улаанбаатар хотоос ирэх иргэдэд тавих хяналт хэвээр үргэлжилнэ.

–“Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих ажлыг төрийн байгууллагын алба хаагчид үргэлжлүүлэн хийж байгаа. Нийслэл хотод эрсдэл өндөр байгаа тул халдварын голомтууд бүрэн хумигдтал аль болох Улаанбаатар хотоос ирэх иргэдийн хөдөлгөөнийг бага байлгах тал дээр орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудын онлайн хурлын үеэр аймгийн Засаг дарга үүрэг өглөө. Өнөөдөр аймгийн ЗДТГ, удирдлагуудын зүгээс аймгийн хэмжээнд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын нөөцийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Цаашид сумдын удирдлагууд үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг ч хэллээ. Мөн энэ үеэр аймгийн БСУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бямбацогт сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой түр журмыг танилцуулж, ЭМГ-ын мэргэжилтэн Г.Цэцэгмаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн тухай, Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа анги танхимын ариутгал халдваргүйтгэлийн талаар мэдээлэл хийж, асуултад хариулт өглөө.

Танхимын сургалтыг зөвхөн хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчлэн оруулна

Цахим сургалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Мөнхзаяа цаашид сумдын удирдлагууд төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл өглөө. Ташрамд дуулгахад Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудтай цахим мэдээлэл хийх үеэр чухал мэдээллүүдийг өгсөн байгаа. Тухайлбал Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалт эхэлсэн бөгөөд эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилчид, тэр дундаа эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдаа хамруулж эхэлсэн. Цаашид аймаг бүрийг PCR шинжилгээний төвтэй болгохоор төлөвлөж байгаа гэлээ. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: -Танхимын сургалтыг зөвхөн хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ хичээллэхгүй. Судалгаагаар 32 мянган хүүхэд отроор явж байгаа бөгөөд 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Иймд танхимын сургалтыг 1, 2, 5, 9, 12 дугаар ангийн сурагчдад онцгойлон чиглүүлж, сургалтыг аймаг, сумынхаа онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгуулах чиглэл өглөө. Харин хувийн сургууль, цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс төлбөр нэхэхгүй гэдгийг онцолсон” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Связанные новости