Э. Чимгээ:Би өвчнөө ялан дийлж, ядаж 10 жил амьдрахыг хүсдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Хорт хавдрынхаа эмчилгээний төлбөрт нэмэрлэх гэж англи хэлний сургалтыг зах зээлийн ханшаас доогуур үнэлж, цаг, хором бүрийг үнэ цэнтэй байлгах гэж хичээж, тэмцэж байгаа “Алтан түлхүүр” сургалтын төвийн захирал, англи хэлний багш Э.Чимгээтэй ярилцлаа.
-Эмчилгээний зардалдаа
зориулан хямдралтай үнээр сургалт явуулж
байгаа талаарх таны зарыг цахим орчноос харж байсан. Эмчилгээний зардалд хангалттай
хэмжээний мөнгийг цуглуулахад хэр хугацааг зарцуулахаар байна вэ?
-Би 2019 оны гуравдугаар сард хавдартай гэж оношлогдож, элэг шилжүүлэн суулгах
шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлттэй Хавдар судлалын үндэсний төвөөс гарч
байсан. Тэгээд Эрдэнэтдээ ирээд хандивын аяныг идэвхтэй өрнүүлж байтал
ковидоос болоод зогсонги байдалд орсон.
Энэ хугацаанд онлайнаар хичээл зааж үзсэн боловч хавдартай хүн дэлгэцтэй ойр
байх нь улам их ядраадаг учраас боломжгүй болсон. Цар тахлын хөл хорио суларч
сургалтын үйл ажиллагааг зөвшөөрөхтэй зэрэгцээд сургалтаа эхлүүлж, хөл хорио буцаад чангарахаар үйл
ажиллагаагаа зогсоох зарчмаар сүүлийн хоёр жил явж байна.
-Анх хавдартай гэдгээ хэзээ
мэдсэн бэ?
-2018 онд нэгэн хувийн сургуульд ажиллаж
байхад бие амархан сульдаад, ядраад байсан учраас эмнэлэгт хандсан. Тэгэхэд
“Элгэн дээр тав, зургаан зангилаа үүссэн байна. Зургаан сарын дараа давтан
үзүүлээрэй” гэж эмч зөвлөсөн. Үүний дагуу 2019 оны гуравдугаар сард давтан
үзүүлэхэд хавдартай нь оношлогдож, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон.
Над шиг жин ихтэй хүн элэг шилжүүлэн суулгахад гадаадад бол сар орчим хяналтад
байж байгаад орж болох юм билээ. Монголдоо бол жил орчим хяналтад байж, биеийн
жингээ 70 кг-аас багад хүргэж байж хагалгаанд орох заалттай байгаа. Миний
эмэгтэй дүү донор болъё гэсэн. Энэтхэгт хагалгаанд ороход 120 орчим сая төгрөг
шаардлагатай гэсэн боловч 7-8 сая төгрөг цуглараад л гацчихаад байна. 2019 оны
12 дугаар сард би Бээжинд очиж хавдар бүх биеэр тархсан эсэх, элэг шилжүүлэн суулгах
боломж, суулгахгүйгээр хэр удаан явах боломжтой зэргийг асуусан. Бээжинд бол
манай Монгол шиг 60-70 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгах боломжтой юм билээ.
Тэнд шинжилгээ өгөхөд хавдрын тархалт удаан, хоёр жилдээ хараад эмчилгээгээ
хийлгээд явж болно гэсэн учраас тайвшраад л явж байна. 2020 оны 12 дугаар сард
Эрдэнэтдээ “Медипас” эмнэлэгт үзүүлэхэд хавдрын тархалт явагдаж байгаа учраас
90-120 хоногийн хугацаанд ажиглаад шаардлагатай бол элэгний судас боох
хагалгааг хийж, хавдрын эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Одоогоор
хүлээлтийн байдалтай л байна.
-Монголд элэгний хорт хавдрын
өвчлөл их байдаг. Эмчлэх өртөг ч өндөр учраас ар гэрт нь эдийн засаг, сэтгэл
санааны хувьд хүнд тусдаг. Танд өмнө нь ямар нэг шинж тэмдэг илэрч байсан уу?
-Үгүй. Зовуурь мэдрэгдээгүй. Би хэдэн жилийн өмнө шарлаж байсан. Тухайн
үедээ шүдний эмнэлгүүдээр их эмчилгээ хийлгэдэг байсан учраас тэрнээс халдвар
авсан байх гэж боддог. Яг тэр эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр, гурван хүнээс халдвар
илэрсэн байсан. Сайн анхаарч байхгүй бол шүдний эмнэлэг эрсдэл өндөр юм билээ.
Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд л гарсан. Эхний хүүхдээ төрүүлсний дараа
нэг хөхөө авхуулсан учраас гормон тэнцвэржүүлэх эм ихээр уух болсон. Уг эмийг
ууснаас хойш таргалалт эрчимтэй явж 40 кг байсан хүн 80-90 кг болсон. Өвчин
хүндрэхэд таргалалт, гормоны эм нөлөөлсөн байх гэж боддог.
-Монголд хавдрын өвчлөл ихэсч хандив цуглуулсан хүмүүсийн тоо өссөн. Байнга шахуу хандив цуглуулсан хүсэлт
цахимаар мэдээлдэг болсон учраас хүмүүс ийм сэдэвт эмзэглэхээ байж дөжирчихөж.
Таны хувьд хандив гуйхын оронд сургалтаа хямдруулаад, сургалтад хамрагдахыг
уриалж байгаа хандлага чинь надад их таалагдсан. Тэр үед хандив нь цугларсан болов уу, яасан бол
гээд л олон бодол төрж байлаа.
-Эрдэнэт бол жижиг хот. Хот руу сургалт хийгээд явах боломж байсан л даа.
Миний хандив цуглуулсан хугацаа цар тахалтай яг давхацсан учраас олон хүн
цуглуулж болохгүй байсан. Надад аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Засаг даргын
орлогч А.Түвшинжаргал, тухайн үеийн Засаг дарга Д.Батлут нар холбогдож, ямар
тусламж хэрэгтэй талаар ярилцаж, өргөдөл өгч болно шүү гэж байсан. Жин маань
сайн буурч өгөхгүй, өнөө маргаашдаа хагалгаанд орж чадахгүй учраас одоохондоо
өргөдөл бичиж өгөөгүй л байгаа. Мөн “Сөд” эмийн сан, “Жүр үр”, “Номин”
супермаркет гээд хувийн байгууллагууд их дэмжсэн.
-Таныг мэддэг, таньдаг болохоор
дэмжсэн юм уу? Эсвэл таны энэ хандлага таалагдсан учраас дэмжсэн үү?
-Хандлага таалагдсан болохоор л дэмжсэн байх. Амьдрах гэж
зүтгээд байгаа энэ хүнийг дэмжье гэж л бодсон байх. Бүгд л өөрсдөө утасдаж тусламж дэмжлэг
үзүүлсэн. Би 15 насандаа хоёр дүүтэйгээ өнчин хоцорсон хүн. Хоёр дүүгээ тэжээчих гээд л олон газраар очиж
англи хэл зааж байсан. Англи хэлтэй болоход нэгд сайн багшийн шавь байсан маань
нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр америк багш маань манайхтай ойрхон байсан учраас би
өдөржингөө гэрт нь ороод тоглочихдог байсан нь харилцаа тал дээр их нөлөөлсөн
гэж боддог. Дээрээс нь гадаадад нэг жил тэтгэлгээр сурсан нь надад төвөггүй хэл
заах боломжийг олгосон. Тухайн үед аав ээж маань байхгүй ч гэсэн энэ хот маань
бид гурвыг яг эцэг эх шиг минь өсгөж байна даа гэж боддог байлаа. Би энэ
хотынхоо ард түмэнд ээж аавынхаа ачийг хариулдаг шиг ямар нэг юм хийнэ дээ
гэсэн бодол дотор минь үргэлж байдаг. Дэлхийн зөнтэй хамтраад олон хүүхдэд 2-3 мянган төгрөгийн төлбөртэй
сургалт явуулж боловсролд нь хөрөнгө
оруулалт ч хийж байлаа. Миний чадах юм
энэ учир ингэж л тусалъя гэж бодсон. Бид
гурав ах дүү, хамаатан садан бага л даа. Яг энэ хүнд өвчин тусах үед Эрдэнэтийн
маш олон газар холбогдож надад тусалсан нь хамаатан садан шиг минь дотно
санагдаж байлаа. Одоо би ямар ч байсан
чадахаараа хичээлээ заагаад болохоос нь бүтэхгүйг нь хүртэл явъя гэж л бодож
байна.
-Энэ
тэмцлийн цаана ямар амьдрал өрнөж байгаа бол гэсэн бодол надад төрсөн.
-Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол хоёр дахин хүчтэй сэтгэлийн тэнхээтэй
байдаг гэж би боддог. Миний амьдрах энэ тэмцэл ганц өөрийнхөө төлөө биш хоёр
хүүхдийнхээ төлөө, тэдэндээ харагдаж амьдрахын төлөөх тэмцэл. Тийм учраас ээж
хүн байна гэдэг байгалиас заяасан нөөц, хүч чадлаа хоёр гурав дахин шавхахаас
өөр аргагүй. Би өөртөө “Үхэж болохгүй”
юм шүү л гэж хэлдэг.
-Дүү нараа хөлийг нь дөрөөнд,
гарыг нь ганзаганд хүргэнэ гэдэг бас л амаргүй том даваа, хариуцлага байсан
байх.
-Тийм ээ. Гэхдээ одоо тэгээд буцаагаад хоёр дүүгээ зовоогоод л тийм ч өвчин,
ийм ч элэг гээд л санааг нь амраахгүй байна. /инээв/. Өсгөж өгснийхөө хариуд одоо дүүгийнхээ элгийг авна гээд байгаа юм шиг эвгүй санагддаг. Газар
дээр гурвуулахнаа, ээж байхгүй хүмүүс чинь ганц эгчдээ элгээ өгөхгүй гээд яах
билээ гэж л бодож байх шиг байгаа юм.
-Шинжилгээгээр та хоёрын элэг
таарна гэж гарсан уу?
-Эхний шинжилгээний хариугаар таарна гэж гарсан. Гэхдээ залуу хүн учраас
хүлээж болох бол элгээ өгөхөөсөө өмнө нэг төрчихмөөр байна гээд л байгаа. Аргагүй
шүү дээ. Төр гэсэн. Бүр айхтар дордоогүй байгаа дээрээ өвчнөө мэдсэн
учраас эмчилгээ хийлгээд байхаар учиргүй хурдан муудчихгүй явж байна. Элэгний эмчилгээ их үнэтэй.
Амь тариа, уураг гээд сард нэг сая
төгрөгийн эмчилгээ хийх шаардлагатай болдог. Би хүүхдүүдэд хичээл заагаад олсон
мөнгөөрөө эмчилгээгээ хийлгээд явж байгаа учир одоохондоо болоод л байна.
Надаас боломж тааруу хүмүүс бол маш хэцүү юм билээ.
-Хавдар гэдэг нь дан ганц
хавдартай хүмүүс, тэдний гэр бүлийн асуудал биш. Хавдар бол нийгмийн асуудал
болсон. Аймаг болгон хавдрын сан байгуулж, түүгээрээ боломжгүй нэг ч гэсэн хүнд
туслаасай гэсэн хүсэл байдаг.
-Хавдар бол нийгмийн асуудал болсон гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ би
хүмүүст ядаж жилдээ нэг удаа 35 мянган төгрөг өөртөө зарцуулаад дотор эрхтнээ
ЭХО-гоор оношлуулаад, эрсдэлээс өөрийгөө хамгаалчихдаг байгаасай гэж хүсдэг.
Өвчин тусчихвал 350 мянган төгрөгийн MRI шинжилгээг жилдээ хоёр удаа дор хаяж өгнө шүү дээ.
Оношоо тодруулахын тулд гадагшаа явбал зөвхөн оношилгоонд 10 орчим сая төгрөгийг
зарцуулна. Миний өвчин дан ганц элэгний хавдар биш, давхар зүүн талын
өндгөвчинд хавдар илэрсэн гэдгийг Бээжинд очиж шинжилгээ өгч байхдаа мэдсэн.
Гэхдээ өндгөвчний хавдраа бол нэг их тоохгүй байгаа. Болохгүй бол авхуулчихна.
Харин элэг бол болохгүй шүү дээ.
- Гэр бүлээ тайван байлгахын
тулд хэн нэгэн нь цаг хугацаа, хүсэл мөрөөдлөө золионд гаргаж тэднийхээ төлөө
зүтгэдэг юм шиг санагддаг. Тэрийг хүн анзаардаггүй.
-Би орой очоод амрангаа үр хүүхдүүдээ анзаарахад, манай хоёр хүүхэд бодох санах юмгүй, инээлдээд л тоглож байгаа харагддаг. Ээж нь байгаа болохоор л миний хоёр хүүхэд инээгээд байж байна гэж боддог. Тийм болохоор л би өвчнөө ялан дийлж ядахдаа 10 жил ч болтугай амьдрах хэрэгтэй санагддаг.
-Хүн их сонин шүү дээ. Ямар нэгэн үйл
явдал л тохиолдож байж ухаардаг. Таны хувьд хавдартай гэдгээ мэдээгүй
байхдаа амьдралын зорилго юу байв? Хавдартай гэдгээ мэдсэнээрээ таны
амьдралын зорилго яаж өөрчлөгдсөн бэ?
-Би хавдаргүй байсан бол магадгүй ингэж өөрийгөө дайчлахгүй байсан байх.
Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг маргааш, маргааш гээд л ажлуудаа
хойшлуулаад явах байсан байх. Би хамгийн анх хавдартай гэдгээ мэдэхэд эмч
“Чиний шинжилгээний хариу муу гарсан. Нэгээс хоёр жилийн л настай” гэж
байсан. Тэгэнгүүт би нэг жилийн дотор хоёр хүүхдийнхээ төлөө юу хийж чадах вэ?
гэдгээ бодож цаг хугацаатай уралдаж эхэлсэн. Би үхэхгүйн тулд нэгдүгээрт
эмчилгээнийхээ зардлыг босгох хэрэгтэй, хоёрдугаарт хандив босгож чадахгүй бол
би хоёр хүүхэддээ юу үлдээх вэ гэж бодсон. Тэгээд би “Өдөр өнжүүлэх төв”
надгүйгээр ажиллаж сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Сайн хүмүүс аваад
ажиллуулчих юм бол хүүхдүүдийн маань дансанд сардаа 400-500 мянган төгрөг ороод байвал ээж нь байхгүй
ч гэсэн амьдралд нь хэрэгтэй учраас ийм
болгохыг л хүссэн. Яагаад вэ гэвэл би өөрөө өнчирч үлдэхэд бид гуравт ямар ч
санхүүгийн эх үүсвэр, орлого байгаагүй. Хамаатан саднаас ч дэмжлэг ирэх нь бага
байсан учраас дүү нараа авч явах нь 15
настай охинд бол томдсон л ачаа байсан. Тийм болохоор өдөр өнжүүлэхийнхээ багш нартаа хэрэв надад муу юм
тохиолдвол миний охиныг сургуулиа төгсөөд дүүгээ авч явах чадалтай болтол нь
харж хандаарай. Тэр хүртэл л харж хандчих юм бол цаашаа та нар яасан ч болно оо
гэж хэлдэг.
-Гомдох, цөхрөх үеэ яаж давж байна та?
-Би хувь тавиландаа гомдож байгаагүй. Үнэхээр хүнд үүрэх ёстой үйлийн үр
гэж байдаг бол надад үүрүүлээд хоёр дүүг маань урт наслуулаад үлдээгээсэй гэж
хүсдэг. Хүн аргаа барахаар янз янзын юм л боддог юм билээ. Өвчин туссан нь
сайхан зүйл биш ч гэсэн энэ өвчний тусламжтайгаар олон хүнд хайрлагдаж, ямар
олон сайн хүн намайг тойроод хүрээлж байдгийг ойлгож авсан би азтай хүн. Надад
тусалсан маш олон хүнд хувийн дотогшоо зан чанараасаа болоод талархлаа сайн
илэрхийлж чадаагүй байх вий гэхээс эмээж байна. Би та бүхэндээ чин сэтгэлээсээ
талархаж, сэтгэлдээ тээж яваа гэдгээ дахин илэрхийлмээр байна.
-Биеэ даагаад сургалтын төв
байгуулснаасаа хойш нийт хэчнээн шавь бэлтгэсэн бэ? Үр дүн хэр гарав?
Багштайгаа эргэн уулзах харилцаа холбоо хэр байна вэ?
-20 орчим жилийн хугацаанд багшлахдаа 50 хүүхдийг гадаадад тэтгэлэг авах
хэмжээнд сургасан. Тэтгэлгээс гадаад сургуулийн босго оноонд хүргэх хэмжээнд
олон шавь нарыг амжилттай бэлтгэсэн. Анхан шатны суурийг тавьсан, ерөнхий
боловсролын сургуулийн шавь нар бол тоогоо алдсан. Эргэх холбооны хувьд хамгийн
анхны минь шавь надтай хамтарч манай сургалтын төвд багшилж байгаа. Тэр шавь
маань Улаанбаатарт “Тоёота” компанид 10 гаруй жил хүний нөөцөөр ажиллаж байгаад
Эрдэнэтдээ ирээд надтай хамтарч ажиллаж байна. Мөн гадаадад тэтгэлгээр
суралцаад амжилттай төгсөж “Амазон”-д ажиллаж байгаа Цэрэндолгор, томоохон сүлжээ
группд ажиллаж байгаа Ганзориг зэрэг олон шавь нар маань үргэлж холбоотой
байдаг.
-Та цаашид сургалтынхаа үйл
ажиллагаанд шинээр юу төлөвлөж байна вэ? Таны цаашдын зорилго, зорилт юу байна
вэ?
-Ном гаргах төлөвлөгөөтэй байна. Хүүхдэд зориулсан, үзээд тоглоод сурч болдог тийм ном гаргахаар зорьж байна. Би чинь гоё сургуультай болохыг мөрөөддөг. 20 жил болсон ч энэ мөрөөдлөө биелүүлж чадаагүй л байна. Яах вэ, хоосонгүй. Нэг жижигхэн өдөр өнжүүлэх байгуулчихаад л явж байна.
-Ярилцсанд баярлалаа.