Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлээ сэдрээж Харү башёг орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-17 09:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 2 дахь өдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Такарафүжи /М-1/-тэй барилдаж, давсан ч баруун өвдөгний бэртлээ сэдрээж башёг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ.


Ийнхүү Харү башёгийн дээд зиндаа буюу Макүүчид хүч үзэж байгаа 7 монгол сумочоос нэг нь башёг орхисон энэ өдөр Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Дайэйшотой учраа таарч түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 3 даваатай болов.


Кирибаяама Г.Лхагвасүрэн /М-4/, Мейсэй /М-3/-д ёритаоши мэхээр ойчиж 2 унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Кагаяаки /М-7/-тай барилдан, түүнийг сүкүинаге мэхээр хаяж 3 дахь даваагаа авлаа.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Эндо/М-5/-г цүкидаши мэхээр унагаж 2 даваа, 1 унаатай явна. Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Тобизарюү /М-8/-д цүкидаши мэхээр өвдөг шороодож 2 унаатай болов.


Харин Чёошома Г.Мөнхсайхан /М-13/, Аойяама /М-12/-тай барилдан, түүнийг сүкүинаге мэхээр унагаж 2 дахь даваагаа авлаа.


Энэ өдөр Озэки Такакэйшо, Вакатакакаге/М-2/-д ёрикири мэхээр унаснаар Харү башёд барилдаж байгаа гурван Озэки цолтон бүгд 1-2 унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна. Озэки Асанояама, Хокүтофүжи/М-2/-тэй таарч, түүнд ошитаоши мэхээр унаснаар 2 унаатай болов. Харин Озэки Шодай энэ өдөр Такарафүжи/М-1/-тэй барилдан ёрикири мэхээр хаяж 2 даваатай явна.


Ташрамд дуулгахад, Их аварга Хакүхо М.Даваажаргалын багш Миягино ояката: “Өвдгөнд нь их хэмжээний ус хуралдсан байна. Эмч нар “Хэрэв ийм байдалтай барилдвал дахин хэзээ ч барилдаж чадахгүй болно” гэж хэлсэн. Энэ сарын дундуур хагалгаанд орно. Хагалгааны дараа 2 сар нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлэх тул тавдугаар сарын Зуны тэмцээнд оролцохгүй. Нагоя башёд л барилдах боломжтой. Хаврын тэмцээнд заавал барилдах ёстой гээд маш их хичээж, бэлтгэл хийж байснаар ийм явдал боллоо. Хакүход маш хэцүү байгаа” гэж мэдээлжээ.

Связанные новости